Чиндао хотод Монгол, Орос, Хятадын ТӨРИЙН ТЭРГҮҮНИЙ уулзалтыг зохион байгуулна
4 сарын 15, 2018

БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 4 дүгээр сарын 10-ны өдөр БНХАУ-ын Хайнань мужийн Боао хотноо БНХАУ-ын дарга Ши Жиньпинд бараалхав. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын даргаар дахин сонгогдсонд нь Ши Жиньпинд баяр хүргэж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг уламжлав. БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг нотолж, Монгол Улсын Засгийн газар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулан, гүнзгийрүүлэх бодлогыг баримталж буйг тэмдэглэв.

 

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ерөнхийлөгч Х.Баттулгад хариу мэндчилгээ дэвшүүлж, хятадын тал Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг тууштай хүндэтгэж ирснийг нотолж, хөрш орнуудтайгаа чин сэтгэлээсээ, элэгсэг дотно харилцах, хөгжлийн үр ашгийг хуваалцах бодлогын хүрээнд Хятад, Монголын харилцааны хөгжилд өндөр ач холбогдол өгч ирснийг онцлон тэмдэглэв.

Талууд бие биеийн язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэх үндсэн дээр улс төрийн итгэлцлийг улам бүр бэхжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалахын төлөө байгаагаа  илэрхийлэв. Ирэх онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг өргөн хүрээнд хамтран тэмдэглэхээр санал нэгдэв.