Нийгмийн халамжийн сангийн зарцуулалт 513 тэрбум төгрөг болж өсчээ
4 сарын 15, 2021

Мэдээллийн эхэнд нийгмийн салбарын статистик мэдээллийг Хүн ам, нийгмийн статистикийн газрын Нийгмийн статистикийн албаны Ахлах статистикч Н.Должинсүрэн танилцууллаа. Тэрбээр "Нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний улиралд 769 тэрбум төгрөг байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 13%-аар өссөн үзүүлэлт бөгөөд уг өсөлтөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 71 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөллөө. 

Харин нийгмийн даатгалын сангийн зарлага 751 тэрбум төгрөг болсон нь өмнөх оны мөн үеэс 101 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт болов. Үүнд тэтгэврийн даатгалын сангийн зарлага голлох нөлөөг үзүүллээ" гэв.

Энэ оны эхний улиралд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 846 мянган иргэн байгаа бөгөөд эдгээрийн 88% нь албан журмын даатгуулагчид үлдсэн нь сайн дураар даатгуулагчид байна. Нийгмийн халамжийн сангийн санхүүжилт, зарцуулалт энэ оны эхний улиралд 538 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оноос 2.3 дахин нэмэгдсэн. Зарцуулалт нь 513 тэрбум төгрөг болж өнгөрсөн оноос 2.5 дахин өсжээ.