Т.Отгон: Өмнөх ажлаа хариуцлагатайгаар биелүүлж, ялархдаггүй “даруухан” хүмүүс бол Онцгойгийнхон
5 сарын 6, 2021

-Өнөөдөр (өчигдөр) ОУ-ын гал сөнөөгчдийн өдөр тохиож байна. Энэ байгууллагад олон жил ажиллаж байсан хүний хувьд цар тахлын энэ хүнд нөхцөл байдалд Онцгой байдлын алба хаагчид маань хэр сайн ажиллаж байна гэж та дүгнэж байна вэ?

-Юуны өмнө Онцгой байдлын ерөнхий газрын бие бүрэлдэхүүндээ Олон улсын гал сөнөөгчдийн өдрийн мэнд хүргэе. Онцгой байдлын алба хаагчид бол тангараг өргөсөн төрийн албан хаагчид учраас удирдлагаас ямар үүрэг даалгавар өгнө, түүнийг нь гүйцэтгэх үүрэгтэй хүмүүс. Онцгой байдлын алба хаагчид маань өнөөдөр их хүнд нөхцөлд ажиллаж байгаа. Хүмүүс эмч, цагдаагийнхан маш хүнд байна, хүнд нөхцөлд ажиллаж байиа гээд л “шуураад” байх юм. Онцгой байдлын ажилчид маань ч ялгаагүй шүү дээ. Өдөр шөнийн алинд ч иргэдийн алтан амь, эд хөрөнгийг хамгаалж, зүтгэж байдаг даруухан хүмүүс л дээ. Би, бид ингэж ажиллаж байна, хүнд байна гэх зэргээр ялархаад байдаггүй. Өмнөх ажлаа хариуцлагатайгаар биелүүлдэг “даруухан” хүмүүс байдаг юм.

-Ингэхэд таныг ОБЕГ- ын анхны гавьяат ажилтан тэмдгээр шагнуулж байсан гэж сонссон. Хэзээ энэ шагналыг авч байсан бэ?

-Нийслэлийн ОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангид 1966 оноос гал сөнөөгч, бага дарга, салааны захирагч, ангийн эахирагч, орлогч, сургалт хариуцсан ахлах байцаагч зэрэг ажлуудыг хариуцан тасралтгүй улсад 51 жил ажиллаж, гал түймрийн аюулаас 46 хүн, 1983 онд Улаанбаатар хотод болсон үерийн аюулаас таван хүн, нийт 51 хүний алтан амь, төр, аж ахуйн нэгж байгууллага, иргэний олон сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, 2896 удаагийн гал түймэр, гамшиг ослын дуудлагад гал унтраах удирдагчаар ажилласан. Миний хөдөлмөрийг төр засаг өндрөөр үнэлж 2005 онд миний нэрийг Монгол Улсын гавьяатад тодорхойлж 2005 оны тавдугаар сарын 5-нд ОБЕГ-ын анхны гавьяат ажилтан болсон. Мөн 2017 оны аравдугаар сарын 10-нд Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагын “Баатар”одонгоор шагнасан. 16 настайдаа Монголын төрдөө тангараг өргөж, тасралтгүй 51 жил ажилласан энэ зүтгэлийг минь ийн өндрөөр үнэлж байгаад төр засагтаа талархаж явдаг даа.

Энд нэг дурсамж ярихад, ОБЕГ анх байгуулагдахад Онцгой байдлын сайдаар одоогийн УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх томилогдож байсан. Намайг 2006 онд эмнэлэгт хэвтэж байхад сайд маань эргэж ирсэн. Тухайн үед эмнэлгийн ажилчид “Салбарын сайд нь эргэж ирж байна. Та тэр сайдын ойр дотных нь хүн юм уу, ямар учиртай юм бэ? гэж асууж, гайхаж байсан. Онцгой байдлын жирийн ажилтан надад тэрнээс өөр хүндэт шагнал гэж юу байх вэ. Ер нь ямар ч цаг үед алба хаагчидтайгаа холбоотой, уялдаатай байж чадах хүн юм байна гэж бодсон. Ганц надад ч биш. 2020 онд энхийг сахиулж байгаа цэрэг дайчидтайгаа уулзахдаа нэг цэргийн аавыг нь авч очсоныг хараад цэргийн сэтгэлийг их ойлгодог хүн юм даа гэж дүгнэж байлаа.

Эх сурвалж: Өдрийн сонин 2021.05.05