Нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил 08:00 цагт эхэллээ
5 сарын 17, 2021

Нийслэлийн Засаг даргын захирамжаар авто замын ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил эхлэх, тарах цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан.  Тодруулбал, өнөөдрөөс буюу тавдугаар сарын 17-ноос наймдугаар сарын 31-ний хооронд нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил 08:00 цагт эхэлж, 17:00 цагт тарна. Мөн цайны цаг 12:00-13:00 цаг болж өөрчлөгдөж байгаа.

Нийслэлийн төр, захиргааны 120 гаруй байгууллагын 35 мянга гаруй алба хаагч байдаг. Үүнээс 25 мянга орчим нь хувийн тээврийн хэрэгслээр зорчдог гэсэн судалгаа бий. Нийслэлийн төр, захиргааны байгууллагын цагийн хуваарьт өөрчлөлт оруулснаар бүх төрийн байгууллагын ажил нэг цагт эхэлж, нэг цагт тарж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгддэг байсан нь энэ хэрээр буурах юм.

Дээрх цагийн хуваарийг нийслэл, дүүргийн ИТХ-ын ажлын алба, нийслэл, дүүрэг (хороо)-ийн ЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, харьяа газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд мөрдөх юм.