1267 хүнээс халдвар илэрч, таван хүн нас баржээ
6 сарын 8, 2021

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа. ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 9631 шинжилгээ хийх явцад 1267 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 67710 болж байгаа. 1267 тохиолдол бүгдээрээ дотоодын халдвар бөгөөд

  • 962 нь Улаанбаатар хотод
  • 305 нь орон нутагт бүртгэгдлээ. 

Орон нутагт халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаа бөгөөд үүнд Улаанбаатараас орон нутаг руу зорчих хөдөлгөөн нэмэгдсэн болон кластер халдварууд үргэлжилж буй зэрэг нь нөлөөлж байна. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг зөвлөж байна. Сүүлийн 24 цагт 632 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 54713 боллоо.

 Халдварын улмаас 6423 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн - 3892
  • Хүндэвтэр - 1892
  • Хүнд - 506
  • Маш хүнд - 133 хүн байна.

Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 6,233 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна. Өнгөрсөн хоногт халдварын улмаас 57-73 насны таван хүн нас барсан. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.