С.Амарсайхан: Наадмыг хойшлуулах хэрэгтэй,  халдвар буурахгүй бол цуцалсан ч болно
6 сарын 14, 2021
Улсын онцгой комиссын ээлжит хуралдаанаар вакцинжуулалтын явц, дархлаажуулалтын дараах өвчлөлийн эмнэлзүйн байдал, вакцины үр нөлөө, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж дараах шийдвэрийг гаргалаа.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1 дүгээр тунд хамрагдалт 91 хувь, 2 дугаар тунд хамрагдалт 77,2 хувьтай байна. ХӨСҮТ-өөс вакцины дараах эсрэг биеийн тогтоцын талаар болон вакцины үр нөлөөгийн судалгааг хийжээ. Уг судалгаагаар вакцинжуулалтад хамрагдсан иргэдийн 88 хувийг нас баралтаас, 75.4 хувийг халдвар авсан иргэдийн хүндрэлээс сэргийлж байгааг тогтоожээ.
Халдвараас нас баралтын гол шалтгаанд суурь өвчтэй иргэд дийлэнх хувийг эзэлж байгаа бөгөөд уушигны хатгаа, бөөрний дутагдал, чихрийн шижин, хорт хавдартай иргэд илүү өртөмтгий байгааг ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр хэллээ. Тэрээр “Вакцины бүрэн тунд хамрагдаад халдвар авахгүй гэж ойлгож болохгүй. Вакцины хоёр тунд хамрагдсан ч халдвар дамжуулагч болох эрсдэлтэй байгааг тооцоолж халдварын дэглэмийг сайтар мөрдөх хэрэгтэй” гэв.
“Вакциныг үгүйсгэх зориудын гэмээр хандлага сүүлийн үед нэлээд ажиглагдах боллоо. Вакцины сайн, муугаас болоод өвчлөл нэмэгдээд байгаа зүйл огт байхгүй гэдгийг энд хариуцлагатайгаар мэдэгдье. Вакцин хийлгэснээр Та халдвар авах эрсдэл мэдээж эрс буурна. Вакцин хийлгэснээр халдвар авлаа гэхэд Таны өвчин амархан хүндрэхгүй байх, Таны амь нас эрсдэхгүй байх боломжтой” хэмээн Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ.
Улбар шар түвшинд халдвар хамгааллын дэглэмийг зөрчиж байгаа зарим аж ахуйн нэгжүүдэд хариуцлага хүлээлгэж, хатуу хяналт тавьж ажиллах чиглэлийг Шадар сайд хяналтын байгууллагуудад өглөө.
Мөн халдварын нөхцөл байдлаас шалтгаан элсэлтийн ерөнхий шалгалтыг эрсдэлгүй зохион байгуулахыг БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нарт үүрэг болголоо.
Шадар сайд С.Амарсайхан “Засгийн газар аль болох хатуу хөл хорио тогтоохгүй байх бодлого баримталж буй. Нөхцөл байдал амаргүй байгааг ард иргэд, аж ахуйн нэгжүүд маань ойлгож, дор бүртээ хариуцлагатай байх нь чухал. Ялангуяа нийтийг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулмааргүй байна.
Халдварын тархац нэмэгдэж, эрүүл мэндийн салбар ачаалал ихсэж байгаа учраас хүн хүчийг нэмэгдүүлэх үүднээс сургууль цэцэрлэгийн эмч нарыг нэмж ажилуулах, Анагаахын их сургуулийн төгсөх курсын оюутнуудыг хүртэл дайчлахаар зохион байгуулалтыг хийж байна. Ард иргэдийн маань эрүүл мэнд, амь нас хамгийн эрхэм чухал учраас Улсын баяр наадмыг хойшлуулж болно, халдвар буурахгүй бол цуцалсан ч болно. Шаардлагатай гэвэл цахимаар зохион байгуулах боломжтой. Энэ тухай саналаа Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ” гэв.

Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.