ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭР БАРИХ ЧИГЛЭЛЭЭР 4-5 ХҮНТЭЙ АЖЛЫН НЭГЖИЙГ ДОРНОГОВЬД БАЙГУУЛНА
5 сарын 17, 2018

Монгол Улсын Засгийн газраас Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт нефть үйлдвэр барих шийдвэр гаргасны дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар тавдугаар сарын 15-нд Дорноговьд ажиллалаа.
Орон нутгаас газрын тосны үйлдвэр барихад зориулж 150 орчим га газар олгосон. Одоогийн байдлаар Сайншандаас Нефть боловсруулах үйлдвэр хүртэлх 20 км урттай салаа төмөр замын ажлын трасс, эрчим хүч, авто замын трасс гээд инженер геологийн ажлуудыг хийгээд дууссан талаар аймгийн ГХБХБГ-ын дарга Ц.Оюунсайхан  танилцуулав.
Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар “Нефть боловсруулах үйлдвэр барих нь Монгол Улсын засгийн газрын бодлого. Бид газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг гуравдугаар улиралд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Нефтийн үйлдвэртэй болсноор  гадаад зах зээлээс тэрбум долларын худалдан авалт хийдэг байдлыг хязгаарлах боломжтой. Газрын тосны үйлдвэр барихад зориулж Хөгжлийн банкнаас 260 орчим тэрбум төгрөгийг баталсан. Дээрх хөрөнгийг бүтээн байгуулалтын ажилд үе шаттай  зарцуулна. Салбарын сайдын хувьд төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийг орон нутаг хэрэгжүүлж амжилттай ажиллаж байгаад талархаж байна. Тиймээс төрөөс газрын тосны үйлдвэр барих бүх боломжийг хангана. Дорноговь аймагт  энэ чиглэлээр дөрвөөс таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын нэгжийг байгуулахаар ажиллаж байгаа” гэв.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар Дорноговьд өрнөж байгаа “Монцемент”, “Сайншанд салхин парк” зэрэг томоохон төслүүдтэй танилцлаа. Салбарын айдын ажлын хэсэг УИХ-ын Б.Дэлгэрсайхан, Г.Мөнхцэцэг, Д.Гарамжав нар хамт явав.