Дархлаажуулалтад хамрагдаад халдвар авсан иргэдийн 6.8% нь АстраЗенека вакцин хийлгэсэн бол 1.9% нь Синофарм үйлдвэрийнхийг хийлгэсэн байжээ
7 сарын 21, 2021

Үндэсний статистикийн хорооноос коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн иргэдийн халдварт өртсөн байдлын талаар судалгаа хийжээ.

Уг судалгаагаар КОВИД-19-ийн вакцинжуулалтад хамрагдсан иргэдийн 35.5 хувь нь өвчилсөн гэсэн дүгнэлт гарсан байна. Харин нийт халдвар авсан иргэдийн 64.5 хувь нь огт вакцинд хамрагдаагүй байжээ.

Өнөөдрийн байдлаар манай улсын нийт хүн амын 57% буюу 1.8 сая хүн вакцинд бүрэн тундаа хамрагдаад байгаа юм. 

Харин зорилтот хүн амаар авч үзвэл 2021 оны долдугаар сарын 5-ны байдлаар 15 ба түүнээс дээш насны хүн амын 81.4 хувь нь бүрэн тунд хамрагдсан байна. Үүнээс 73.9 хувь буюу 10 хүн тутмын 7 нь БНХАУ-ын VeroCell вакцин хийлгэжээ.

 

КОВИД-19 халдварын батлагдсан тохиолдлын 35.5 хувь нь КОВИД-19-ийн эсрэг аль нэг төрлийн вакцины нэгдүгээр болон бүрэн тунд хамрагдсаны дараа өвчилжээ.

Тодруулбал,

  • нэгдүгээр тунд хамрагдсаны дараа 7.6 хувь нь,
  • хоёрдугаар тунд хамрагдсаны дараа 27.9 хувь нь өвчилсөн байна.

Харин өвчилсөн иргэдийн 64.5 хувь нь огт вакцинд хамрагдаагүй байгаа юм.

 
Covishield (БНЭУ) вакцины бүрэн тунд хамрагдсан иргэдийн 6.8 хувь нь КОВИД-19-өөр өвчилсөн нь бусад вакцинтай харьцуулахад хамгийн өндөр байна. Харин манай улсын хүн амын ихэнх хувь нь БНХАУ-ын VeroCell вакцинд хамрагдсан бөгөөд эдгээр иргэдийн 1.9 хувь нь бүрэн тун вакцинд хамрагдсаны дараа өвчилжээ.
 

КОВИД-19 халдварын эсрэг вакцинд хамрагдаад өвчилсөн иргэдийг бүрэн тунд хамрагдсанаас хойш өвчлөх хүртэл хоногоор авч үзсэн байна.

Тухайлбал тухайн вакцины бүрэн тунд хамрагдсанаас хойш 31 ба түүнээс дээш хоногийн дараа өвчилсөн иргэдийг авч үзвэл Спутник вакцин хийлгээд өвчилсөн иргэдийн 86 хувь нь хоёр тун хийлгээд 31 хоногоос дээш хугацаа өнгөрсний дараа халдвар авсан байна.

Мөн AstraZeneca вакцин хийлгэсэн иргэдийн 76.3 хувь, Covishield вакцин хийлгэсэн иргэдийн 75.6 хувь, Синофармын вакцин хийлгэсэн иргэдийн 56.8% нь хоёр тун хийлгээд 31 хоногоос дээш хугацаа өнгөрсний дараа халдвар авчээ.

Вакцин хийлгээд халдвар авсан хүмүүсийн хэдэн хувь нь хэд хоногт халдвар авсныг доорх зургаас харна уу

 

Насны бүлгээр авч үзвэл аль ч төрөлд 85-аас дээш насны иргэдийн өвчлөл өндөр байгааг доорх графикаас харна уу.

 

КОВИД-19-ийн халдвараар нас барагчдын ихэнх буюу

  • 61.6 хувь нь вакцинд хамрагдаагүй
  • 20.7 хувь нь бүрэн тунд
  • 17.6 хувь нь 1 дүгээр тунд хамрагдсан байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.