Цагдаад хөөгдөхгүй, тайван суугаад монгол ногоогоо зарчих ажлын байр л хэрэгтэй байна
7 сарын 26, 2021

-ШИНЭ УРГАЦЫН НОГООНЫ ҮНЭ ӨМНӨ ЖИЛИЙНХЭЭС 300-500 ТӨГРӨГӨӨР ӨССӨН-

Хэдхэн хоногийн өмнө цахим хуудсаар “Барс" худалдааны төвийн гадна талбайд хүнсний ногооны худалдаа эрхэлдэг худалдаачдыг цагдаа нар хөөж, торгож байгаа асуудал яригдаж байсан юм.

Тэгвэл тухайн газарт нөхцөл байдал ямар байгаа талаар болон захуудын хүнс, өргөн хэрэглээний барааны үнийн талаар сурвалжлахаар "Барс" худалдааны төвийг зорилоо. “Барс” захын бөөний худалдааны хэсэг рүү ороход тийм ч их хүн байсангүй, урьдынхаасаа сэлүүхэн байлаа.

Төмс хүнсний ногооны худалдаачин Ц.Ганцэцэг "Өмнө жилүүдийг бодоход энэ жил өргөн хэрэглээний бараа, хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөн. Манайх хүнсний бүтээгдэхүүн зардаг учраас харьцангуй борлуулалт сайн байна.

Гэхдээ өмнө жилийг бодвол энэ жил худалдан авалт муудсан. Коронавирус гарсантай холбогдуулаад хил дээр зарим бүтээгдэхүүнүүд маань гацчихсан, ирээгүй л байна. Хятадаас орж ирдэг амтлагч цуу гэх мэт бараанууд бол ховор байгаа шүү дээ, дээрээс нь үнэ нь ч нэмэгдсэн байна лээ.

Жишээлбэл, гүнждийн тосыг урьд нь 60 мянган төгрөгөөр авдаг байсан чинь одоо 85 мянган төгрөгөөр ирж байгаа. 25 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна" хэмээн хуучиллаа. Цаашлаад талх нарийн боовны хэсгээр явлаа. Худалдагчид "Үнийн хувьд янз бүр л байна, гэхдээ талх нарийн боовны үнэ айхавтар өсөөгүй хэвийн байна” хэмээв. Ингээд "Барс" худалдааны төвөөс цаашлаад бидний сайн мэддэгээр Нарны гүүрний доохно талд төмс хүнсний ногоо зардаг хэсэг рүү явлаа.

“Монгол ногоо бөөний үнээр” гэсэн хаягтай дунд зэргийн хэмжээтэй хоёр байшинг худалдаачид түрээсэлдэг байна. Гэтэл өдөр бүр хөдөө орон нутгаас шинэ ургацын ногоо ирдэг учир жижигхэн байшинд багтахгүй, зарим худалдаачид нь гадаа суудаг байна. Зарим нь асар барьчихсан, зарим нь талбайд машинаа оруулж ирээд ногоогоо худалдаалж харагдсан юм.

Тэд Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн шинэхэн хүнсний ногоог хямд үнээр зарахыг эрмэлздэг. Гэтэл цагдаа нар хүрч ирээд зөвшөөрөлгүй газар ногоо зарлаа хэмээн 20 мянган төгрөгөөр торгодог тухайгаа ярьж байсан юм.

А.ЦЭНД: ЗОРИУЛАЛТЫН ХУДАЛДААНЫ ТӨВД МОНГОЛ НОГООГОО ЧӨЛӨӨТЭЙ ЗАРМААР БАЙНА

Гадаа талбайд ногоо зардаг худалдагч 

-Та энэ талбайд хэдэн жил сууж байгаа вэ?

-Эгч нь энд арав гаруй жил сууж байна.

-Энэ жил нарийн ногооны үнэ ямар байна?

-Шинэ ургацын байцаа 1,500, төмс 1,000, монгол сонгино 2,200, ногоон сонгино нэг багц нь 1,000, шанцай кг нь 3,500 төгрөг гэж байна.

-Худалдан авалт ямар байна вэ?

-Хүмүүсийн худалдан авалт урьд жилүүдийнхийг бодоход тааруухан байна.

-Энд суугаад ногоогоо зарахад ямар бэрхшээл тулгарч байна?

-Бид хэд ажлын байртай болоод тэндээ монгол ногоогоо цагдаа нарт хөөгдөж туугдахгүй чөлөөтэй зармаар байна. Цэвэр орчинд хүмүүст үйлчилмээр байна.

Харахад л энэ их хэцүү харагдаж байгаа биз дээ. Машин орох ч газар байхгүй, цагдаа нар ирж дарамтална. Бид чинь дөрөвдүгээр сараас эхлээд арваннэгдүгээр cap хүртэл суудаг. Коронавирус гарсан гээд бүр ч их хөөж байна, корона гараагүй байхад ч ийм л янзтай байсан. Энэ хэдэн машиныг торгоно, бидний ногоо цагааг хураана.
 
Нөгөөтээгүүр өдөр болгон хөдөөнөөс шинэ ургацын ногоо ирж байна. Гүйлгээтэй өдрөө зараад болох л юм. гүйлгээгүй бол муудаад л хаядаг шүү дээ.

Б: МОНГОЛ НОГООЧДОО ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ БАЙНА

Гадаа талбайд машинтай ирж ногоо зардаг худалдаачин

“Барс" худалдааны төвийн урд талбайд машиндаа ногоо зардаг худалдагч “Б"-гээс хэдэн төгрөгөөр торгуулдаг талаар тодруулахад “Бид хэд ногооны төвийн байшин руугаа ногоогоо оруулах гээд машинаа талбай дээр оруулж ирэхээр л цагдаа нар зөвшөөрөлгүй газар машин тавилаа гэж машины зургийг дараад 150 мянган төгрөгийн торгууль төл гэж хэлээд явдаг.

Гэхдээ сүүлд 20 мянган төгрөгөөр торгодог болсон. Энд байгаа машинтай хүмүүс бүгд торгуулж байна шүү дээ. Харин сүүлийн долоо хоног овоо гайгүй болчихлоо. Тэгээд л цагийн аясаар бүдүүн ногоо гарна.

Наймаачид бид ногоогоо хураая гэхээр тавих газар байхгүй. Хил гаалиар ногоо орж ирэхэд хүндрэлтэй байгаа юм бол монгол ногоо зарж байгаа бид нарт ногоогоо тайван суугаад зарах газар өгчихөж болохгүй юм уу.

Вокзалын баруун талд очиж асар бариад суу гэсэн, тэгэхээр нь гэрээ байгуулчихсан байгаа. Хурдан тийшээгээ явъя л гэж бодож байна. Энд зөвхөн монгол ногоочид л байгаа шүү дээ. Бид нарт ажлын байр гаргаад өгчихөж болохгүй гэж үү. Хэрэв ажлын байртай болчихвол бид жилийн дөрвөн улирал алгасахгүй сууна. Монгол ногоочдоо дэмжих хэрэгтэй байна" гэсэн юм.

Жилийн жилд л зөвшөөрөлгүй газар ногоо зарсан хэмээн цагдаа нарт хөөгдөж, торгууль төлдөг энэ асуудлыг шийдэхийн тулд тэднийг Вокзалын баруун талд байрлах газар руу шилжүүлэхээр болсон байна.

Худалдаачдын ярьж байгаагаар уг нь долдугаар сарын нэгэн гэхэд зөвшөөрөлтэй газраа очсон байх ёстой гэсэн боловч одоогоор тухайн газрын зөвшөөрөл олгогдоогүй, хэзээ очихыг нь худалдаачдад мэдэгдээгүй байна.

Худалдагч А.Сарантуяа “Олон жил монгол ногоогоо зарж байна, үүгээрээ л хоолоо олж идэж байна шүү дээ. Манайхан хятад ногоогоо болиод монгол ногоогоо дэмжих хэрэгтэй байна.

Коронавирус гарснаас шалтгаалаад ногоо тээвэрлэх тал дээр асуудал гарсан. Хөл хорио тогтоосноос болж ногоо тээвэрлэлтийн хугацаа алдсан. Тогтсон цагтаа ирж чадахгүй байгаа учраас ногооны үнэ өссөн байна.

Нөгөөтээгүүр замаасаа шалтгаалж байна. Зам сайхан бол тээвэр хийхэд амар шүү дээ. Шинэ ургацын ногооны үнэ өмнө жилийнхээс 300- 500 төгрөгөөр өссөн. Нарийн ногоо 500-1,000 төгрөгөөр нэмэгдсэн. Уг нь бид аль болох хамгийн хямдаар зарахыг эрмэлздэг.

Энэ жил төмсөө тарьж чадаагүй хүмүүс ч байна. Тавдугаар сард тарьдаг, гэтэл яг тэр үед хорио тавиад зам хаачихсан байсан, гэх мэтчилэн асуудлууд байна. Ногооны үнэ нэмэгдчихсэн болохоор ч тэр үү хүмүүсийн худалдан авалт энэ жил тааруу л байна.

Бид жилийн жилд энэ хоёр байшинг түрээсэлдэг. Энэ жижигхэн байшинд ногоо нь багтахгүй учраас гадаа машин дотроо суугаад зарж байна.

Түүнээс биш бид хууль дүрмээ зөрчье гэж зөрчөөд байгаа юм биш шүү дээ. Хэрэв ажлын байртай бол ингээд суух шаардлага ч алга. Монголчууд бүх төрлийн ногоог тарьж чадаж байна. Үүнийг нь дэмжээд монгол ногоо зарж байгаа худалдаачдаа ажлын байраар нь дэмжих хэрэгтэй байна" гэсэн юм.