О.Мөнхсайхан: Цэц Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хороог бүрдүүлэхтэй холбоотой гаргасан дүгнэлтээ өөрчилнө гэж найдна
9 сарын 3, 2021

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүсэлтийн дагуу үүсгэсэн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн зарим зүйл, заалт нь Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэц дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцсэн. Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг УИХ томилж байгаа нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэдэг 3 дугаар дүгнэлтийг Цэц гаргаж, Улмаар Шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2, 77 дугаар зүйлийн 77.1-77.11 дэх хэсэг, 95 дугаар зүйлийн 95.4, 95.5, 95.7 дахь хэсгийг тус тус түдгэлзүүлэв. Цэцийн энэхүү дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн 41 дүгээр тогтоолыг УИХ өнгөрсөн тавдугаар сард гаргасан тул Цэц их суудлаараа уул маргааныг эцэслэн шийдвэрлэх юм. Энэ маргааны талаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхантай ярилцлаа.

-Үндсэн хуулийн цэцээс ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг УИХ томилж байгаа нь Үндсэн хуультай зөрчилдсөн гэдэг дүгнэлт гаргажээ. Шүүхийн тухай хуульд эдгээр шүүгч бус гишүүдийг томилох процессыг хэрхэн заасан бэ?

-Үндсэн хуулийн цэц 2021 оны дөрөвдүгээр сарын 28-нд 3 дугаар дүгнэлтээрээ Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг сонгон шалгаруулж, томилох зохицуулалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд тэдгээрийг түдгэлзүүлэх дүгнэлт гаргасан.

Юуны өмнө Ерөнхий зөвлөл болон Сахилгын хороог товч танилцуулъя. Шүүхийн ерөнхий зөвлөл нь хуульчдаас шүүгчийг шилж олох, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүгчийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэгтэй байгууллага. Үндсэн хуулийн 49.3-т “Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана,” 49.5-д “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно.” гэж заасан. Харин “хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллах” бөгөөд түүний бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно гэж Үндсэн хуулийн 49.6-д заасан.

2021 нэгдүгээр сарын 15-нд УИХ-аас баталсан Шүүхийн тухай хуулиар эдгээр хоёр байгууллагыг Үндсэн хуулийн дагуу хэрхэн бүрдүүлэхийг тодорхой зохицуулж өгсөн. Ерөнхий зөвлөлийн тухайд шүүгч таван гишүүнийг нь шүүгчид өөрсдөө сонгох, харин шүүгч бус таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулсны үндсэн дээр УИХ томилохоор зохицуулсан. Сахилгын хороо нь зөвхөн нэг удаа 6 жилээр ажиллах есөн гишүүнтэй. Тэдний дөрвийг нь шүүгч нар өөрсдөө сонгох бол шүүгч бус таван гишүүнийг ч мөн адил нээлттэй нэр дэвшүүлж сонгон шалгаруулсны үндсэн дээр УИХ томилно.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарийг УИХ 2020 оны 2 дугаар тогтоолоороо баталсан. Үүний 3.1.1-д Ерөнхий зөвлөлийн бие даасан, хараат бус, тогтвортой байдлыг хангах зорилгоор түүний бүрэлдэхүүний тавыг шүүгчид дотроосоо хувь тэнцүүлэн сонгож, бусад таван гишүүнийг бусад институцээс тэнцвэртэй оролцооны үндсэн дээр нээлттэй нэр дэвшүүлэн, сонгон шалгаруулж, томилох чиглэлийг баримтална гэсэн байдаг. Мөн энэ хуваарийн 3.2.3-т зааснаар Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг холбогдох институцээс тэнцвэртэй бүрдүүлэх зарчмыг хуульчлах чиглэлийг баримтална. Энэ хоёр шаардлага нь хуульд заавал тусгах агуулга гэж Цэц үзсэн. Ерөнхий зөвлөлийн болон Сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг УИХ дангаараа томилохоор Шүүхийн тухай хуульд заасан нь бусад институцээс тэнцвэртэй оролцооны үндсэн дээр нээлттэй нэр дэвшүүлэн, сонгон шалгаруулж, томилох чиглэлийг баримтлаагүй, ингэснээр “шүүх эрх мэдлийн байгууллагын хараат бус байдал болон Үндсэн хуулиар баталгаажуулсан төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг алдагдуулах нөхцөлийг бүрдүүлсэн” байх тул Үндсэн хуулийн 49.3, 49.5, 49.6-г зөрчсөн гэж Цэц дүгнэсэн.

 Ерөнхийлөгч Х.Баттулга Шүүхийн тухай хууль бүхэлдээ Үндсэн хууль зөрчсөн гэсэн хүсэлт өгөөд түүнийгээ өөрчилсөн бөгөөд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэлээд хожуу томилогдсон. Иймээс тайлбараа бичгээр бэлдэхэд цаг хугацаа шаардагдах, дээр нь хатуу хөл хорионы үе таарсан учир хуралдааныг хойшлуулж өгнө үү гэдэг хүсэлтийг Цэцэд гаргасан гэж ойлгосон. Гэвч, Цэц тэр хүсэлтийг нь хангалгүйгээр Дунд суудлаараа хуралдаж дүгнэлт гаргажээ. Тэгэхээр УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бичгэн тайлбар Цэцэд очоогүй, амаар ч танилцуулаагүй гэж уншигдсан. Зөвхөн нэг талын буюу Ерөнхийлөгчийн хүсэлт, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбарт тулгуурлан Цэцийн дүгнэлт гарсан гэж харагдаж байгаа юм.

-Гэхдээ ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг УИХ дангаараа томилж байна гэж үзэх боломжгүй биз дээ. УИХ-аас томилогдох хүртэл маш олон институци оролцох, өндөр шалгуур давах зохицуулалтыг хуульд тусгасан байгаа?

Шүүхийн тухай хуулийн дагуу шүүгч бус гишүүдийг бүрдүүлэх процесс нь өөрөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарьт заасан бүх шаардлагыг бүрэн хангасан.

Нэгдүгээрт, Ерөнхий зөвлөл болон Сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг бүрдүүлэхэд бусад институцийн тэнцвэртэй оролцоог хуулиар маш сайн хангасан. Институц гэдэг бол нийгмийн тодорхой зорилгыг хангах үүднээс үйл ажиллагаа явуулдаг бүтэц, байгууллага. Жишээлбэл, төрийн байгууллага, түүний тодорхой бүтцүүд, мөн мэргэжлийн эсхүл сургалт, судалгааны байгууллага бол институци юм. Ерөнхий зөвлөлийн болон Сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг хараат бусаар сонгон шалгаруулах Ажлын хэсгийг бүрдүүлэхэд шүүхээс бусад институцийн оролцоог тэнцвэртэй хангаж өгсөн. Шүүхийн тухай шинэ хуулийн дагуу баталсан "Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам"-ыг ХЗБХ 2021 оны гуравдугаар сарын 10-нд баталсан. Энэхүү хууль, журмаар УИХ дахь олонх, цөөнх, Ерөнхийлөгч, Засгийн газар, ХЭҮК, Хуульчдын холбоо, Өмгөөлөгчийн холбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэн, МУИС-ийн Хууль зүйн сургууль, төрийн бус өмчийн хууль зүйн сургууль гэсэн 10 институцээс санал болгосны дагуу Ажлын хэсгийн гишүүдийг Хууль зүйн байнгын хороо томилох бөгөөд УИХ-ын даргын томилсон УИХ-ын нэг гишүүн ахална. Ийм 11 институцээс Ажлын хэсгийг тэнцвэртэй бүрдүүлснээр Ажлын хэсэгт тэдгээрийн аль нэг нь давамгайлах боломжгүй. Ажлын хэсгийн 11 гишүүний 5 нь төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцдог институцийн тэнцвэртэй төлөөлөл, харин үлдсэн 6 буюу олонх нь хуулийн мэргэжлийн холбоод, хүний эрхийн үндэсний байгууллага, хууль зүйн сургалт, судалгааны байгууллагуудаас санал болгосон учраас мэргэжлийн төлөөлөл нь Ажлын хэсэгт голлох юм. Иймээс, Ажлын хэсгийн бүрэлдэхүүний ийм тэнцвэртэй, мэргэжлийн байдал нь сонгон шалгаруулалтыг хараат бусаар, мэргэжлийн өндөр төвшинд явуулах нэгэн баталгаа юм. Тэгэхээр сонгон шалгаруулалтыг УИХ эсхүл Хууль зүйн байнгын хороо өөрөө хийхгүй, харин Ажлын хэсэг хийнэ. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, түүний ажлын алба Ажлын хэсгийн ажиллах нөхцөлийг хангаж техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх л үүрэгтэй.

Үндсэн хуульд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарийн 3.1.1-д заасан хоёрдугаар шаардлага бол шүүгч бус гишүүнд нээлттэйгээр нэр дэвшүүлэх шаардлага. Энэ бол одоогийн Шүүхийн тухай хууль, журмаар маш сайн хангагдсан. Энд зааснаар Ерөнхий зөвлөлийн эсхүл Сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах зарыг Хууль зүйн байнгын хороо нийтэлнэ. Зар нийтэлснээс хойш 21 хоногийн дотор шаардлага хангасан аль ч иргэн Ерөнхий зөвлөлийн эсхүл Сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэрээ дэвшүүлэх хүсэлтээ холбогдох баримт бичгийн хамт хүргүүлж болохоор хуульчилсан. Ингээд нэрээ дэвшүүлсэн хүмүүсийн бичиг баримтын бүрдүүлбэрийг Ажлын хэсэг хянаад бүртгэж авна. Бүртгэгдсэн нэр дэвшигч бүрийн хүсэлт, дэлгэрэнгүй мэдээллийг ажлын 2 өдрийн дотор УИХ-ын вэбсайтад байршуулна. Ийнхүү вэбсайтад байршуулснаас хойш 14-өөс доошгүй хоногийн дотор хэн ч тухайн нэр дэвшигчтэй холбоотой асуулт, саналыг ажлын хэсэгт хүргүүлэх бүрэн боломжтой. Шаардлага хангасан хэн ч нэр дэвших боломжтойн дээр нэр дэвшигчдийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл нь олон нийтэд нээлттэй, иргэд, судлаачид асуулт, саналаа өгч болох учраас нээлттэй нэр дэвшүүлэх гэдэг шаардлага бүрэн хангагдсан.

-2020 онд ХЭҮК-ын гишүүдийг анх удаа нээлттэй нэр дэвшүүлэх зарчмаар томилж байсан. Түүнтэй адил зарчмаар сонгон шалгаруулалт, томилгоог явуулна гэсэн үг үү?

-Ер нь ХЭҮК-ын гишүүдийн сонгон шалгаруулалттай адил зарчмаар явагдахаар хуульчилсан. Гэхдээ ХЭҮК-ын гишүүдийн сонгон шалгаруулалтын давуу, сул тал болон шүүмжийг тусгаад хамаагүй илүү сайжруулан зохицуулсан л даа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарийн 3.1.1-д заасан гурав дахь шаардлага бол шүүгч бус гишүүнийг заавал сонгон шалгаруулах ёстой. Сонгон шалгаруулна гэдэг нь нэрээ дэвшүүлсэн хүмүүсээс аль нэгийг нь Ажлын хэсэг ямар ч судалгаа хийхгүйгээр зүгээр л олонхоороо сонгоно гэсэн үг биш. Ажлын хэсэг санал хураахаасаа өмнө тухайн нэр дэвшигч хувь хүнийхээ болон мэргэжилтнийхээ хувьд хэн бэ, хууль зүйн өндөр мэргэшилтэй юу (өндөр мэдлэг, чадвар, ёс зүйтэй юу), мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан байх зэрэг бусад шаардлагыг хангасан уу гэдгийг маш сайн судалж шалгарсан хүмүүсийг гаргаж ирнэ гэсэн үг. Ерөнхий зөвлөлийн гишүүн нь хуульчаас шүүгчийг шилж олох, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хамгаалах чиг үүргийг сайн гүйцэтгэх өндөр мэргэшилтэй, харин Сахилгын хорооны гишүүн нь шүүгчийн сахилгын хэргийг хараат бус, төвийг сахиж шударгаар хянан шийдвэрлэх төвшний хууль зүйн өндөр мэргэшилтэй байх шаардлагатай. Шүүхийн тухай хууль, журамд сонгон шалгаруулалтыг маш нарийн, хянамгай явуулахаар зохицуулсан. Тодруулбал, бүртгэгдсэн нэр дэвшигчдийг Ажлын хэсгийн гишүүдэд тохиолдлын журмаар тэнцвэртэй хуваарилж судлуулна. Тухайн нэр дэвшигчийг хуваарилж авсан ажлын хэсгийн гишүүнийг илтгэгч гишүүн гэнэ. Илтгэгч гишүүн нь тухайн нэр дэвшигч мэргэжлийн ажлаа хийж байхдаа хууль зүйн мэдлэг, чадвар, ёс зүйгээрээ хэр зэрэг хүлээн зөвшөөрөгдсөн бэ гэдгийг судалж гаргаж ирнэ. Үүний тулд өөрт хуваарилагдсан нэр дэвшигчтэй холбоотой хэвлэлийн мэдээнээс авахуулаад бичиг баримт, олон нийтээс ирсэн асуулт, саналыг бүгдийг нь судална. Мөн, нэр дэвшигчтэй болон бусад этгээдтэй ярилцлага хийх зэргээр мэдээлэл цуглуулна. Энэ хүрээнд нэр дэвшигчтэй хамт ажиллаж байсан эсхүл ажиллаж байгаа, таньдаг мэддэг 10-аас доошгүй хүнтэй ярилцлага хийх юм. Тэгээд ирэхээр тухайн нэр дэвшигч хэн бэ, хууль зүйн өндөр мэргэшилтэй юу гэдэг нь харагдана. Сөрөг мэдээлэл байх юм бол түүний эх сурвалжийг хэлэхгүйгээр нэр дэвшигчид мэдэгдэж, няцаалт, тайлбар авах замаар үнэлгээний шударга байдлыг хангана. Илтгэгч гишүүн өөрт хуваарилагдсан нэр дэвшигчээ 14-өөс доошгүй хоногт судалсны дараа ажлын хэсгийн ярилцлага хийнэ. Ярилцлагын үеэр Ажлын хэсгийн бүх гишүүд нэр дэвшигч болгоноос асуулт асууна. Энэ ярилцлагын дараа илтгэгч гишүүн нь шаардлагатай нэмэлт судалгааг хийж, нэр дэвшигч тус бүр дээр дэлгэрэнгүй тайлан бичиж Ажлын хэсгийн бусад гишүүддээ хүргүүлнэ. Үүний дараа Ажлын хэсгийн хуралдаан хийнэ. Энэ хуралдаанаар илтгэгч гишүүд өөр өөрсдийн хуваарилж авсан нэр дэвшигчийн дэлгэрэнгүй тайланг танилцуулж, бусдынхаа асуултад хариулж, аль нэр дэвшигч нь шаардлагыг хамгийн сайн хангах вэ гэдгийг маш сайн зөвлөлдөж санал солилцоно. Үүний үндсэн дээр нууцаар санал хураах бөгөөд энэ нь Ажлын хэсгийн гишүүн бүр өөрийн үндэслэлтэй итгэлээр саналаа хараат бусаар өгөх баталгаа юм. Нууц санал хураалтаар ажлын хэсгийн гишүүдийн олонхын буюу 11 гишүүний 6-аас доошгүйн саналыг авсан хүн л энэ шалгаруулалтаас гарч ирнэ. Шүүгч бус гишүүний орон тоо Ерөнхий зөвлөлд ч, Сахилгын хороонд ч тус бүрдээ тав. Гэхдээ сонгон шалгаруулалтаар Ерөнхий зөвлөл эсхүл Сахилгын хороонд тус бүр 5-7 хүн гарч ирж болох ч заавал ийм тооны хүнийг гаргаж ирэх албагүй. Үнэхээр энэ өндөр шаардлагыг хангах хүн байхгүй бол цөөн тоогоор, жишээлбэл нэг, хоёр хүнийг ч санал болгож болно. Энэ тохиолдолд сонгон шалгаруулалтыг дахин зарлаж явуулна.

-Ийм нарийн шалгаруулалтын дараа байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэж, дахин шалгаруулах уу?

-Тийм. Ажлын хэсгийн шалгаруулалт үр дүнтэй, хууль, журмын дагуу зохистой явагдсан уу гэдгийг хянадаг хоёр том механизм хуульчлагдсан. Ажлын хэсгийн олонхын санал авсан нэр дэвшигч бүр дээр өндөр шаардлагыг хэрхэн хангасан, энэ ажлыг хийхэд хамгийн сайн тохирно гэж яагаад үзсэн бэ, сонгон шалгаруулалтын үе шат бүр хууль, журмын дагуу явагдсан уу зэрэгт баримт, үндэслэлтэйгээр хариулсан тайланг бичгээр гаргана. Эдгээр нэр дэвшигч бүрийн талаарх Ажлын хэсгийн тайланг УИХ-руу хүргүүлнэ. Уг тайланг ажлын гурав хоногийн дотор УИХ-ын вэбсайтад байршуулж, үүнээс хойш дахиад 14-өөс доошгүй хоногийн дотор нэр дэвшигчидтэй холбоотой асуулт, саналыг иргэдээс дахиад авна. Асуулт, санал авах 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор Хууль зүйн байнгын хороо нэр дэвшигч бүр дээр томилгооны сонсгол хийнэ. Энэ нь ямар ач холбогдолтой вэ гэхээр, Хууль зүйн байнгын хороо дахь олонх, цөөнхийн гишүүд асуулт асуух, саналаа хэлэх замаар Ажлын хэсгийн сонгон шалгаруулалтаар гарч ирсэн нэр дэвшигчид үнэхээр шаардлага хангаж байна уу, сонгон шалгаруулалт хууль, журмын дагуу явагдсан уу гэдгийг ил тодоор олон нийтийн өмнө нягтлах, иргэдээс ирсэн асуулт, саналд хариулт авах боломжийг бий болгох юм. Дээрээс нь, томилгооны сонсголын үеэр иргэний нийгмийн болон мэргэжлийн төлөөллүүд, хэвлэл мэдээллийнхнийг заавал оролцуулж, тэдгээрийг үг хэлэх, нэр дэвшигчээс асуулт асуух боломж олгох, ингэхдээ тухайн нэр дэвшигчийг дэмжих болон эс дэмжих байр суурийг тэнцвэртэй сонсох зарчмыг баримтлахаар хуульчилсан. Томилгооны сонсгол нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулагдаж, ил тод явах ёстой. Ингээд Хууль зүйн байнгын хорооноос олонхын санал авсан нэр дэвшигчийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулна. Чуулганы хуралдаанд УИХ-ын нийт гишүүнээс асуулт асууж, саналаа хэлэх боломжтой. Ажлын хэсгийн сонгон шалгаруулалт болон томилгооны сонсголоор шүүгдэж шалгарч гарч ирсэн хүнийг Ерөнхий зөвлөлийн болон Сахилгын хорооны шүүгч бус гишүүнд томилох эсэхийг дахиад сайн хэлэлцэж шийднэ гэсэн үг.

-Тэгэхээр ажлын хэсгийн шалгаруулсан нэр дэвшигч болгон томилогдоно гэсэн үг биш байх нь.

-Тийм. Цэц УИХ-ыг дангаараа шийдвэр гаргаж буй мэтээр үзсэнд харамсаж байна. Гэтэл том зургаар нь харах юм бол хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгийг УИХ шийдэхгүй байна. Нээлттэй нэр дэвшсэн хүмүүсээс хэнийг нэр дэвшүүлэхийг 11 өөр институцээс бүрдсэн ажлын хэсэг сайн судалсны үндсэн дээр нууц санал хураалтаар шийднэ. Ажлын хэсгийн сонгон шалгаруулсан нэр дэвшигчийг Хууль зүйн байнгын хорооны томилгооны сонсголоор дахин шүүнэ. Түүний дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж томилох эсэхийг л шийднэ.

-Эцсийн буюу томилох эсэх шийдвэрийг УИХ-аас өөр субъект гаргаж болох уу?

-Парламентаар томилуулж байгаагийн шалтгаан нь легитим шинжийг нь хангаж өгч байгаа явдал юм. Яагаад гэвэл шүүгч нь иргэд бидний амьдралын хамгийн чухал асуудал, хувь заяа маргаанд орохоор эцэслэн шийддэг бөгөөд шүүхийн шийдвэрийг хэн ч өөрчлөх боломжгүй. Тэгэхээр Ерөнхий зөвлөл шүүгчийн энэ чухал ажлыг хийх хамгийн мундаг хуульчийг шилж олж томилуулахаар Ерөнхийлөгчид санал болгох бөгөөд ийнхүү томилогдсон шүүгч хууль захирагдаж хараат бусаар шүүн таслах, шүүх бүхэлдээ бие даан ажиллах нөхцөлийг бүрдүүлэх ажлыг хариуцна. Харин Сахилгын хороо нь тухайн шүүгч шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг ноцтой эвдсэн үү гэдгийг шийддэг, шүүгч сахилгын зөрчил гаргасан эсэхийг шалгаж, тогтоогдсон бол шийтгэл хүлээлгэдэг. Энэ хоёр байгууллага ийм чухал ажил хийдэг. Эдгээр байгууллагын гишүүдийн талыг нь шүүгчдээр өөрсдөөр нь бүрдүүлж, мэргэжлийн оролцоог нь хангаж байна. Нэмээд үлдсэн шүүгч бус гишүүний орон тоог дан мэргэжлийнхэн буюу хуульч нарын гарт тэр чигээр нь өгч болдоггүй. Яагаад гэвэл Ерөнхий зөвлөл болон Сахилгын хороо нь дан хуульчдын асуудлыг шийддэггүй, харин нийт иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийг эдлүүлэх үүрэгтэй шүүгчидтэй холбоотой чиг үүргийг хэрэгжүүлдэг. Тийм учраас шүүгч бус гишүүний орон тооны асуудлыг мэргэжлийнхэн дангаараа шийдэхийг зөвшөөрдөггүй.

Парламент нь ардчилсан сонгуулийн үр дүнд иргэдийн олонхын саналаар гарч ирдэг, ард түмнийг төлөөлж байгаа элчүүдээс бүрддэг. Иргэд бидний хувь заяаг шийдэх шүүгчтэй холбоотой эрх мэдлийг хэрэгжүүлэх гэж байгаа Ерөнхий зөвлөлийн болон Сахилгын хорооны бүрэлдэхүүний талыг нь сонгон шалгаруулсны дараа иргэдийг төлөөлж байгаа парламент хүлээн зөвшөөрч, ардчиллын легитим шинжийг хангаж байгаа хэрэг юм. Ер нь Итали, Испани зэрэг олон оронд шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн сахилгын хороо шиг бүрэлдэхүүний тал эсхүл түүнээс дээш хувийг нь шүүгчдээр нь өөрсдөөр нь сонгуулаад, шүүгч бус бусад гишүүдийг парламентаар томилуулдаг. Энэ бол өөрөө олон улсын жишиг, сайн туршлага. Гэхдээ, парламентаар хэн дуртайгаа томил гээд орхичихгүйгээр, түүний дур зоргыг хязгаарлах механизмуудыг ажиллуулах нь чухал. Үүний тулд манайд 11 өөр институцийн илгээсэн төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсгийн нарийн сонгон шалгаруулалтын дүнд гарч ирсэн нэр дэвшигч бүрийг нээлттэй сонсголоор шүүн хэлэлцэж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар томилохоор зохицуулсныг дээр тайлбарласан. Үүнээс гадна Шүүхийн тухай хууль болон Ерөнхий зөвлөлийн болон Сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг сонгон шалгаруулах журмаар эдгээрийг хэрхэн сонгон шалгаруулж, томилохыг маш нарийн зохицуулсан, үүгээрээ Ажлын хэсэг, байнгын хороог дур зоргоороо авирлах, зүй бус нөлөөлөл орохоос сэргийлж байгаа юм.

-Шүүхийн тухай хуулийн өнөөгийн зохицуулалт төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг алдагдуулж байгаа юу? Цэцийн энэ байр суурийг юу гэж бодож байна вэ?

2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд ШЕЗ-ийн болон Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүнийг тодорхой болгож үүний дагуу Шүүхийн тухай хууль шинээр батлагдсан нь иргэдийн хамгийн их хүсэмжилж, мэргэжлийн шүүлтүүрээр гарч ирсэн шинэчлэлүүдийн нэг. ШЕЗ нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах зорилготой учраас өөрөө бас харьцангуй бие даасан байх зарчимтай. Энэ нь Шүүхийн тухай хуулиар хангагдаж буй. Учир нь, ШЕЗ 10 гишүүнтэй байх бөгөөд эдгээр гишүүд даргаа дотроосоо сонгох болж буй нь ШЕЗ-ийн бие даасан байдлыг хангахад тустай. Мөн, ШЕЗ-ийг бүрдүүлэх, түүний шилж олсон хуульчийг шүүгчээр томилох процессыг бүхэлд нь харвал аль нэг субъектээс зүй бусаар давамгайлан оролцох эрсдэлийг бууруулж, гол институцүүдийг тэнцвэртэй оролцуулж, ШЕЗ хараат бусаар хариуцлагатай ажиллах суурь тавигдаж буй. ШЕЗ-ийн талыг буюу 5-ыг нь шүүгчид сонгож буй тул шүүгчдийн оролцоог хангаж, шүүгчийн хараат бус байдлыг хамгаалж ШЕЗ-д орж ирэх зүй бус нөлөөллийг сааруулчихна (эдгээр шүүгч гишүүдийг өмнөх шиг Ерөнхийлөгч гэсэн улс төрч томилохгүй). ШЕЗ-ийн шүүгч биш гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсэгт төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцдог субъектүүдийн ч, мэргэжлийн болон сургалт, судалгааны байгууллагуудын төлөөлөл, оролцоог ч тэнцвэртэй хангана. Энэ хөндлөнгийн ажлын хэсгийн сонгон шалгаруулж санал болгосон хүнийг нээлттэй сонсголд оруулж ард түмний төлөөллийн байгууллага болох УИХ томилох эсэхийг шийдвэрлэх бөгөөд энэ нарийн процесс нь өөрөө УИХ-ын үзэмж, дур зоргыг хязгаарлахад зориулагдсан. Ийм тал талын оролцоотой бүрдсэн ШЕЗ хуульчдаас шилж олж санал болгосон хүнийг шүүгчээр томилох шийдвэрийг Ерөнхийлөгч гаргах учраас Ерөнхийлөгчийн оролцоо ч хэвээрээ бий. ШЕЗ-ийн санал болгосон хуульчийг Ерөнхийлөгч шүүгчээр томилох зохицуулалт хэвээрээ төдийгүй ШЕЗ-ийн талыг шүүгчдээс сонгож бүрдүүлэх, бусад талыг буюу шүүгч бус гишүүдийг нь маш олон талын оролцоотой, ил тод, нарийн процессоор бүрдүүлж буй тул төрийн эрх мэдлийг хуваарилах зарчмыг зөрчөөгүй, харин ч сайн хангаж буй юм.

Шүүхийн тухай 2021 оны хуулиар Шүүхийн сахилгын хороо есөн гишүүнтэй байх бөгөөд дөрөв нь нийт шүүгчээс сонгогдсон шүүгч, тав нь шүүгч биш, хууль зүйн өндөр мэргэшилтэй иргэд байхаар туссан. ШЕЗ-ийн гишүүдтэй адилхан процессоор Сахилгын хорооны шүүгч гишүүнийг Нийт шүүгчийн чуулганаар сонгох бөгөөд үүнд нь УИХ эсхүл бусад этгээд оролцохгүй. Хорооны шүүгч бус гишүүнийг 11 өөр институцийн төлөөлөлтэй Ажлын хэсгийн сонгон шалгаруулалтаар нууц санал хураалтаар гарч ирсэн нэр дэвшигч бүр дээр томилгооны сонсгол хийж УИХ томилно. Энэхүү сонгон шалгаруулалт, томилгоо нь зарчмын хувьд Ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийхтэй адилхан зохицуулагдсан учраас УИХ Сахилгын хорооны шүүгч бус таван гишүүнийг томилох эсэхийг үзэмжээрээ шийднэ гэсэн үг биш билээ. Ийм байдлаар бүрдсэн Шүүхийн сахилгын хороо нь сахилгын хэргийн агуулгыг эхний байдлаар 2 шүүгч бус, 1 шүүгч гишүүний бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэнэ, уг шийдвэрт гомдол гаргавал 2 шүүгч, 1 шүүгч бус гишүүний бүрэлдэхүүнээр хянан үзэж шийднэ, энэ явцад буруутгагдаж буй шүүгчийн шударгаар шүүлгэх процессын эрхийг ноцтой зөрчсөн гэвэл Улсын дээд шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлэх боломжтой. Сахилгын хороо нь шүүгчийн хараат бус байдал болон хариуцлагын балансыг олсон байхаар бүрдэж, ажиллах учраас төрийн эрх мэдлийн хуваарилах зарчмыг алдагдуулахгүй, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг зөрчихгүй юм.

-Дээр дурдсан шат дарааллын дагуу хэдэн хүн ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэрээ дэвшүүлээд байгаа вэ. Өнөөдрийн байдлаар сонгох шалгаруулах ажил ямар шатандаа явж байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Шүүхийн тухай хууль 2021 оны нэгдүгээр сарын 15-нд батлагдаад, гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хууль зүйн байнгын хороо сонгон шалгаруулах зарыг гуравдугаар сарын 10‑нд нийтэлсэн. Зарын дагуу гуравдугаар сарын 31-н хүртэл хугацаанд Ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд 29, Сахилгын хорооны шүүгч бус гишүүнд 24 хүн тус тус нэрээ дэвшүүлсэн. Энэ хүмүүсийн хүсэлт, дэлгэрэнгүй мэдээллийг УИХ-ын вэбсайтад байршуулаад, иргэд, хуульчид, судлаачдаас асуулт, санал авах процесс эхэлсэн байв. Энд маш олон хүн асуулт, саналаа ирүүлж байна гэж мэдэгдсэн. Хууль зүйн байнгын хорооноос гадна иргэний нийгмийн байгууллагууд энэ асуудалд маш идэвхтэй оролцож байгааг дурдах хэрэгтэй байх. Тухайлбал, “Бодлогод залуусын хяналт,” “Оюуны инноваци” зэрэг ТББ, хуульч, судлаачид үгээ хэлж, нэр дэвшигчид шаардлага хангаж байгаа эсэх асуудлаар хэд хэдэн хэлэлцүүлэг зохион байгуулаад, тэдгээрийн зурагт танилцуулга бэлтгэх ажлыг хийсэн төдийгүй нэр дэвшигчээс асууж болох асуултын жагсаалтыг Ажлын хэсэгт хүргүүлсэн гэдгээ нийтэд мэдэгдсэн. Хувь хуульчид ч янз бүрийн төвшинд маш идэвхтэй оролцож, хэлэлцэж байна.

Үүнээс гадна сонгон шалгаруулалтын зар тавьснаас хойш 21 хоногийн дотор ажлын хэсгийг байгуулах ёстой. Тэр процесс явагдсан. Хууль зүйн байнгын хорооноос батламжилсан Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг харах юм бол сонгон шалгаруулалтыг хараат бусаар, бодитой, шударга явуулах итгэл төрүүлэхүйц гэж мэргэжлийн хүрээнд үнэлэгдээд байсан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, Шүүхийн тухай хуулийг батлуулахад холбогдох байнгын хороодыг даргалж, манлайлан ажилласан гишүүдийн нэг болох УИХ-ын гишүүн С.Бямбацогт ажлын хэсгийг ахалж буй бол Засгийн газраас ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Ерөнхийлөгчөөс ЕТГ-ын дэд дарга Б.Саруул, УИХ дахь МАН-ын бүлгээс тус бүлгийг Ажлын албаны дарга С.Далхаасүрэн, АН-ын бүлгээс тус бүлгийг даргын зөвлөх Д.Батдоржыг тус тус санал болгож ажиллуулж байна. Мэргэжлийн байгууллагын тухайд дийлэнхдээ хамтын шийдвэрээр Ажлын хэсгийн гишүүнд төлөөллөө илгээсэн. Өмгөөлөгчдийн холбооны зөвлөлөөс уг холбооны дэд ерөнхийлөгч М.Баасанбат, Хуульчдын холбооноос зөвлөлөөс тус зөвлөлийн гишүүн, хуульч М.Мөнхбат, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрдмийн зөвлөлөөс тус сургуулийн багш, доктор А.Бямбажаргал, ХЭҮК-ын хуралдаанаас тус комиссын гишүүн, доктор Б.Энхболд, Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс уг хүрээлэнгийн захирал, доктор Х.Эрдэм-Ундрах, төрийн бус өмчийн хууль зүйн сургуулийн төлөөллөөс Шихихутаг их сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, хуульч Г.Амаржаргаланг тус тус санал болгож Ажлын хэсгийн гишүүнээр томилогдсон. УИХ дахь олонхын болон цөөнхийн бүлгүүд, Хуульчдын холбооноос анх санал болгосон хүмүүсийг сонгон шалгаруулалтыг хараат бусаар явуулах мэдлэг, чадвар, ёс зүй, туршлага бий эсэх дээр хэлэлцүүлэг өрнөж татгалзсан ч эдгээр гурван институцээс дахин санал болгож томилогдсон Ажлын хэсгийн гишүүдийг харвал энэ нь эрүүл, ил тод процессын сайн тал төдийгүй ажлын хэсгийг сайн бүрдүүлэхэд тусалсан.

2021 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Ажлын хэсгийн гишүүдэд сонгон шалгаруулалтыг хэрхэн явуулах талаар сургалт хийгдсэн бөгөөд ажлын хэсгийн гишүүд тохиолдлын журмаар нэр дэвшигчдээ энэ өдөр хуваарилж аваад тус бүрдээ мэдээлэл цуглуулж, нэр дэвшигч болон бусад хүмүүстэй ярилцлага хийж, тайлан бичих процесс үргэлжилж байсан. Дээр нь, нэр дэвшигч бүр дээр нээлттэй сонсгол явуулах журмыг УИХ батлах бөгөөд үүний төслийг боловсруулж байгаа гэсэн. Уг нь, өнгөрсөн тавдугаар сарын эхээр ажлын хэсгийн ярилцлага зохион байгуулах хуваарьтай байсан ч Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарсан учраас энэ бүх ажиллагаа түдгэлзэж, одоог хүртэл нэг тал руу шийдвэрлэгдэхгүйгээр дөрвөн сар гаран болж байна.

-Өнгөрсөн тавдугаар сард Цэцийн 3 дугаар дүгнэлтийг УИХ хүлээж аваагүй байхаа. Одоо процесс хэрхэн цааш үргэлжлэх вэ?

-Үндсэн хуулийн цэц эхлээд тухайн хууль, бусад шийдвэр нь Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргана. Дүгнэлт нь шууд эцсийн шийдвэр болохгүй. Тэр дүгнэлтээ УИХ-руу илгээнэ. УИХ хүлээгээд авчих юм бол эцсийнх болно. Харин УИХ хүлээн зөвшөөрөхгүй бол Цэц дахин хянаж үзэж эцсийн шийдвэрээ гаргана. Цэц гаргасан дүгнэлтээ эргэж харж алдаа мадагтай дүгнэлт гаргасан байна гэж үзэх юм бол өөрчлөх бүрэн боломжтой. Өнгөрсөн 29 жилийн түүхэнд гурван ч удаа Цэц өөрийнхөө дүгнэлтэд хуулийн тодорхой заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн ч УИХ-аас уг дүгнэлтийг нь хүлээн зөвшөөрөөгүйгээс дахин хянаж үзэж Үндсэн хууль зөрчөөгүй гэж эцэслэн шийдсэн.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон Шүүхийн тухай хууль нь сүүлийн 10 жилийн олон удаагийн судалгаа, хэлэлцүүлэг, зөвшилцөл гээд амаргүй үе шатыг давж батлагдсан. Эдгээр хуулийн гол амин сүнс нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүнтэй холбоотой. Эдгээр байгууллагыг хэрхэн бүрдүүлэх нь шүүх хараат бус, шударга ажиллахад нөлөөлдөг. Үүнийг болон дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзаад Цэц уг маргааныг дахин нухацтай хянан үзэж зөв шийдээсэй гэж хүсэж байгаа. 2021 оны тавдугаар сарын 06-ны өдөр УИХ Цэцийн 3 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн 41 дүгээр тогтоолыг баталж, үүнийхээ үндэслэлийг Үндсэн хууль болон түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлал, олон улсын сайн туршлага, судалгаанд тулгуурлан нийт 14 хуудас бичиж багтаажээ. Өнгөрсөн 29 жилийн түүхэнд УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй үндэслэлээ ийм дэлгэрэнгүй сайн бичиж байгаагүй тул УИХ шүүхийн шинэчлэлийг зогсоохгүй хэрэгжүүлэхэд ямар их анхаарч буй нь харагдана. УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй тул Цэц их суудлаараа энэ маргааныг эцэслэн шийднэ. Их суудлын хуралдаанд Цэцийн бүх гишүүн оролцож 2/3-оор шийдвэрээ гаргадаг. Шүүхийн тухай хууль дахь Ерөнхий зөвлөлийн болон Сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулж томилох заалтууд Үндсэн хууль зөрчөөгүй гэж Цэцийн есөн гишүүний дөрөв нь үзэхэд уг заалтууд хэвээр үлдэх юм. Зөвхөн манайд төдийгүй олон улсын туршлагаар ч тэр Үндсэн хуулийн шүүхийн шийдвэр эцсийн байдаг учраас шүүгчид аль болох алдаа мадаггүй шийдвэр гаргахын тулд тал талын үндэслэлийг сонсож хамгийн зөвөөр нь шийдэхийг хичээдэг. Цэцийн гишүүд ингэж хандана гэж найдаж байгаа. УИХ-ын 41 дүгээр тогтоолд дурдсан үндэслэлүүд, мөн Шүүхийн тухай хуулийг боловсруулахтай холбоотой хийгдсэн маш олон судалгаа, хэлэлцүүлгийн дүнг Цэц дахин нягталд тунгаагаасай. Жишээлбэл, зөвхөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж байх үед шүүхтэй холбоотой ажлын дэд хэсгийн хуралдааны протокол нь гэхэд л 500 хуудас болж байсан, Шүүхийн тухай хуулийн төслийг олон нийтэд байршуулснаас хойш хийгдсэн судалгаа л гэхэд бас л 500 шахам хуудас болжээ. Үүнээс өмнө ч дотоодын болон гадаадын сайн туршлагын талаарх маш олон судалгаа, хэлэлцүүлэг хийгдсэн байв. Шүүхийн тухай хуулийг УИХ маш нухацтай хэлэлцэж баталсан, энэ бүх протоколыг ч үзэх хэрэгтэй байх. Эндээс харахад ямар нүсэр ажил байсан нь ойлгогдох байх.

-Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтээ Цэцийн их суудал хэвээр нь үлдээвэл хуульд өөрчлөлт оруулахаас өөр замгүй. Тэгвэл ШЕЗ, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг УИХ-аас өөр ямар субъект томилж болох вэ?

-Тийм нөхцөлд Ерөнхийлөгч дангаар шийдвэрлэх байдлаар энэ асуудалд оролцох ямар ч боломжгүй. Яагаад гэвэл Үндсэн хуулийн 33.4-т оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар олгоогүй бүрэн эрхийг нэмж хуулиар олгохыг хориглосон. Тэгэхээр Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны шүүгч биш гишүүнийг санал болгох, томилох бүрэн эрх Ерөнхийлөгчид олгохгүй гэсэн үг. УИХ дахь олонхоос байгуулж түүний итгэлийг дааж хамтран ажилладаг утгаараа Засгийн газар ч шууд санал болгох, томилох нь асуудалтай. Ерөнхий зөвлөлийн эсхүл Сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг санал болгох, томилох асуудал дээр Ерөнхийлөгч, Засгийн газрын аль аль нь парламентаар хэлэлцдэг шиг ил тод, олон талын оролцоог хангах, хараат бусаар сонгох шалгаруулах боломж тун хязгаарлагдмал. Ерөнхийлөгч болон гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагад энэ эрх мэдлийг өгөх нь оновчгүй гэдэг зөвлөмж олон улсад бий.

-Тэгэхээр хамгийн боломжит хувилбарыг Шүүхийн тухай хуульд тусгасан гэсэн үг үү?

-Тийм. Зарим хуульчид хуульчдын эсвэл өмгөөлөгчдийн холбоодоос Ерөнхий зөвлөлийн эсхүл Сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг томилох бүрэн эрхийг өгөх ёстой гэдэг. Энэ асуудлыг зөвхөн мэргэжлийнхэнд даатгаад орхивол ил тод биш, олон нийтийн ямар ч хяналтгүй болох, хэт явцуу хүрээнд асуудал шийдэгддэг болох эрсдэлтэй гэдэг нь өнгөрсөн 7 шахам жилийн туршлагаас харагддаг. Манай өмгөөлөгчдийн, хуульчдын холбоо бүрэн төлөвшиж чадаагүй байна шүү дээ. Шүүх гэдэг зөвхөн хуульчидтай холбоотой байгууллага биш, харин бүх иргэнд хамаатай учраас Ерөнхий зөвлөл болон сахилгын хорооны талыг шүүгчдээс нь сонгож мэргэжлийн оролцоог хангаж буй бол үлдсэнийг нь нээлттэй сонгон шалгаруулж, олон нийтийн оролцоотой, иргэдийн төлөөлдөг мандаттай субъект шийдэхээс аргагүй гэдгийг түрүүн тайлбарласан. Гэхдээ, Ерөнхий зөвлөлийн эсхүл Сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах эсхүл санал болгоход мэргэжлийн холбоод болон бусад байгууллагын оролцоог тэнцвэртэй хангах нь аль нэг талаас хэт нөлөөтэй болох эрсдэлийг бууруулна. Ийм зарчмаар Шүүхийн тухай хууль уг нь батлагдсан л даа.

-Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдахаас өмнө ШЕЗ, Шүүхийн сахилгын хорооны гишүүний томилгоо хэрхэн явагддаг байсан бэ?

-Өмнөх  буюу 2012 оны Шүүхийн багц хуулиар Ерөнхий зөвлөл таван гишүүнтэй байсан. Гурвыг нь гурван шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнүүдээс, нэгийг нь хууль зүйн сайд, нэгийг нь хуульчдын холбоо санал болгоод Ерөнхийлөгч тус бүр томилдог байсан. Өмнөх хуулиар Шүүхийн ёс зүйн хороо гэж нэртэй байгууллага ажилладаг байсан. Тэр хороо есөн гишүүнтэй. Гурвыг нь хуульчдын холбоо, гурвыг нь хууль зүйн сайд, гурвыг нь шүүгчдийн зөвлөгөөнүүдээс санал болгож мөн л Ерөнхийлөгч бүгдгийг нь томилдог. Ерөнхий зөвлөлийн гишүүд хуралдаад санал болгосноор даргыг нь Ерөнхийлөгч томилно. Шүүхийн ёс зүйн хороо хуралдаад санал болгосноор даргыг нь Ерөнхийлөгчид томилдог зохицуулалттай байсан.

Хууль зүй, дотоод хэргийн яам Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшигчээ хэзээ ч нээлттэй зарлаж, нээлттэй хэлэлцүүлэг хийж байгаагүй. Шууд л санал болгодог. Хуульчдын холбоо бас адилхан. Олон нийтээс ч, мэргэжлийн хуульчдаас ч нээлттэй санал авдаггүй, хаалттай хуралдаад, холбооны ерөнхийлөгч нь л толгой мэдээд цаашаа явуулдаг байсан. Хууль зүйн яам ч, Хуульчдын холбоо ч нэр дэвшигчийг судалж сонгон шалгаруулалт хийдэггүй, нарийн судлалгүйгээр Ерөнхийлөгчид санал болгодог байсан төдийгүй энэ талаар нарийвчилсан процесс хуульчлагдаагүй байсан тул зүй бус нөлөөлөл орох эрсдэлийг хязгаарлаагүй байсан. Дээрээс нь үе үеийн Ерөнхийлөгч томилохоос үндэслэлгүйгээр татгалзах зэргээр томилгооны эрх мэдлээ улс төрийн зорилгоор ашиглаж ирсэн. Жишээлбэл, Шүүхийн ёс зүйн хороонд гурван жил ажилласан Б.Уранцэцэг багшийг Хуульчдын холбоо дахин нэр дэвшүүлэхэд нь Ерөнхийлөгч Х.Баттулга томилоогүй. Уг нь Б.Уранцэцэг багш бол шударга, зарчимч зан төлөвөөрөө хуульчдын дунд хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүнтэй, хөдөлмөрийн эрх зүйн тэргүүний профессор л доо. Ерөнхийлөгч ямар ч үндэслэл хэлэлгүйгээр томилгоо хийгээгүйгээс уг хороо хурлаа хийх бүрэлдэхүүнгүй болж удаан хугацаанд сахилгын хэргийг хянан шийдвэрлэж чадахгүй байсан. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед Шүүхийн ёс зүйн хороо дотроо хуралдаж даргаа сонгоод Ерөнхийлөгчид хүргүүлсэн ч үндэслэл хэлэлгүйгээр томилохоос татгалзсан. Бүтэн жил даргагүй, хурлаа хийж чадахгүй явсан. Өөрийнх нь дургүй хүн учраас томилохгүй байна уу гэх тохиолдол олон гарч байв. Ийм зарчмын асуудал Ерөнхийлөгч, эсхүл УИХ дахь олонх хэн байхаас үл хамаарч яригдсаар ирсэн, яригдсаар ч байх болно.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон Шүүхийн тухай хуулийг маш удаан хэлэлцэж тал бүрийн саналыг тусгаж баталсан гэж ойлгодог. Хэлэлцүүлгийн явцад Ерөнхийлөгчийн зүгээс одоо яригдаж байгаа заалттай холбоотой ямар санал гаргаж байсан юм бол?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байх үед Ерөнхий зөвлөлийн 10 гишүүний тухайд тавыг нь шүүгчдээс шууд сонгох, харин үлдсэн тавыг нь Хууль зүйн байнгын хороо, мэргэжлийн холбоо, Засгийн газрын санал болгосноор УИХ томилгооны сонсгол хийж гуравны хоёроос доошгүйн саналаар томилох томьёоллыг УИХ-ын гишүүдийн Ажлын хэсгийн санал болгож, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны долдугаар сарын 5-ны өдөр дэмжээд байсан. Шүүхийн сахилгын хороо (тухайн үед төсөлд “Шүүгчийн хариуцлагын зөвлөл” гэж нэрлэгдэж байсан) есөн гишүүнтэй байх, тэдгээрийн гурав нь шүүгч, гурав нь хууль зүйн эрдэмтэн; гурав нь иргэдийн төлөөлөл байх томьёолол Төрийн байгуулалтын байнгын хороогоор дэмжигдсэн байсан. Эдгээр томьёоллоор Үндсэн хуульд орсон бол шүүгчийн хараат бус, хариуцлагатай байдлыг хангах төдийгүй өнөөдрийнх шиг маргаан гарахгүй байх байсан юм.

 Гэтэл 2019 оны долдугаар сарын 16-нд Ерөнхийлөгч Х.Баттулга өөрөө тусдаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл өргөн бариад, тэрэн дээрээ өөртөө хэт их эрх мэдлийг төвлөрүүлэх заалтууд оруулсан байсан. Мөн, УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөс шүүхтэй холбоотой хэсгийг бүгдийг нь хас гэдэг шаардлага Ерөнхийлөгч тавьсан. Хэрэв хасахгүй бол Ерөнхийлөгчийн засаглал руу шилжихийг дэмжинэ гэдгээ төлөөлөгчөөрөө дамжуулж удаа дараа илэрхийлсэн. Ингээд шүүхийн тухай долоон заалтын тав нь, мөн Цэцийг мэргэжлийн, хараат бус болгох гурван заалт нь ийм шахалтаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр баталагдаж чадалгүй хасагдсан түүхтэй. УИХ Ерөнхийлөгчийн саналаас заримыг авч буулт хийгээгүй бол Ерөнхийлөгч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд гарын үсэг зурахаас татгалзаж, улмаар парламентын засаглалаа бэхжүүлэх энэ процесс бүхэлдээ гацах байсан юм.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд олон чухал заалт байсан ч Ерөнхийлөгч Х.Баттулгын шахалтаар ихэнх нь хасагдаж, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны заалтууд маш товчхон болсон, мөн тойргийн журмаар шүүх байгуулах заалт батлагдсан. Үүнээс Ерөнхий зөвлөл, Сахилгын хороог яаж бүрдүүлэх вэ гэдэг томьёоллыг бараг 20 удаа бичиж байж эцэслэгдсэн. Томьёолол бичигдэхээр Ерөнхийлөгчөөр ахлуулсан зөвшилцлийн ажлын хэсэг зөвшөөрдөггүй, удаа дараа буцааж байсан. Ингэж явсаар Ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүдийг шүүгчид өөрсдөө шууд сонгоно, харин шүүгч бус гишүүдийг нээлттэй нэр дэвшүүлж томилно, Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно гэдэг заалт Үндсэн хуулийн 49.5-т батлагдсан. Мөн, Сахилын хорооны бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно гэж Үндсэн хуулийн 49.6-д зааж баталсан. Тэгэхээр Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг томилох асуудлыг хуулиар тогтоохоор Үндсэн хуульд заасан гэсэн үг. Хуулиар тогтоох нь УИХ-ын онцгой бүрэн эрх. УИХ-ын 2020 оны 02 дугаар тогтоолын 3.1.1, 3.2.3-ийн томьёолоход ерөнхий зарчмын шаардлагуудыг бичсэн. Тодруулбал, Ерөнхий зөвлөлийн эсхүл Сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг шүүхээс бусад институцийн тэнцвэртэй оролцоог хангаж нээлттэй нэр дэвшүүлэн сонгон шалгаруулж томилох талаар үндэслэл бүхий бодлогын хувилбарууд байж болох ч яг аль нэгийг сонгох вэ гэдэг бол УИХ-ийн шийдэх асуудал. Ийм бодлогын асуудал дээр гол шийдвэрийг гаргах бүрэн эрх УИХ-д бий гэж Цэц өмнөх олон удаагийн шийдвэрээрээ хүлээн зөвшөөрч ирсэн байдаг. Иймд, Цэц энэ маргааныг дахин хянан үзвэл Шүүхийн тухай хуулиар сонгосон бодлогын шийдвэрийг хүндэтгэх үзнэ гэж итгэж байна.

Б.Номин-Эрдэнэ