Эрээн, Замын-Үүдийн боомтыг түр хаалаа
10 сарын 14, 2021

Covid-19-ийн халдварын улмаас Хятадын зүгээс Замын-Үүд, Эрээний хилийг түр хугацаагаар хааж, хөл хорио тогтоожээ. Хөл хориог хэд хоног үргэлжүүлэх нь тодорхойгүй, эх сурвалжийн мэдээллээр Эрээнд  өчигдөр цар тахлын нэг тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, ӨМӨЗО-ын Эрүүл мэндийн хорооноос мэдээлснээр Эрээн хотод covid-19-ийн халдвар авсан нэг тохиолдол бүртгэгдсэн тул ийм арга хэмжээ авчээ. Тус иргэн нь Эрээний “Хуй Тун” гэдэг Монголоос ачаа бараа оруулж ирдэг хаалттай хяналтын бүсийн ажилтан юм байна.  Халдварын тохиолдол бүртгэгдсэн тул Эрээн хотын бүх иргэнээс шинжилгээ авсны дараа хэд хоног хил хаах эсэх нь тодорхой болох гэнэ.

Өнгөрсөн хавар цар тахлаас болж Гашуунсухайт, Замын-Үүдийн боомтууд мөн л түр хугацаагаар хаагдаж байсан юм.

Дашрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч Мягмар гаригт БНХАУ-ын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай  цахимар уулзаж, Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын асуудал, нүүрсний экспорт, хоёр улсын худалдааны эргэлтийг сайжруулах зэрэг асуудлаар санал солилцсон. Уулзалтаар Гашуунсухайт хилийн боомтод саатсан нүүрсийг яаралтай татан авах тохиролцоонд хүрлээ. Түүнчлэн Тяньжин боомтод  саатаад байгаа Монголын 4575 чингэлэг ачааг өвлөөс өмнө шуурхай шийдвэрлэхээр болсон байна.