Д.Зулаа: СХД-ийн Нэгдсэн эмнэлэг хавдрын түлэх эмчилгээ, хамрын уян дуранг нэвтрүүлэн ажиллаж байна
10 сарын 15, 2021

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, чанар, аюулгүй байдлын албаны дарга Д.Зулаа оролцож мэдээлэл өглөө.

Тэрбээр "Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг нь Эрүүл мэндийн сайдын тушаалаар COVID-19-ийн 200 орыг дэлгэн ажиллаж байна. Үүнээс 20 нь эрчимт эмчилгээнийх бол 180 нь энгийн ор байгаа юм. Өнөөдрийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд хэвтсэн нийт 8,142 иргэний 3,793-д коронавируст халдварын үеийн эмнэлгийн тусламжийг үзүүлсэн байна.

Түүнээс гадна зургаадугаар сарын 10-наас эхлэн COVID-19-ийн улаан бүс энгийн тасагт шилжсэн бөгөөд одоогийн байдлаар 16 эмч, 22 сувилагч, асрагч гээд нийт 66 ажилтантайгаар тусламж үйлчилгээг үзүүлж байгаа. Мөн манай эмнэлэг хоёрдугаар сарын 23-наас эхлэн коронавирусийн эсрэг вакцинжуулалтыг хийж эхэлсэн. Нийт 13,380 хүн нэгдүгээр тунг хийлгэсэн бол хоёрдугаар тунг 16,581 хүн хийлгэсэн. Мөн гуравдугаар тунд 6,259 хүн СХД-ийн Нэгдсэн эмнэлэгт ирж хамрагджээ. COVID-19-ийн дархлаажуулалтыг харьяалал харгалзахгүйгээр хийж буй" гэв.

"СХД-ийн Нэгдсэн эмнэлэг мэдрэлийн болон сэргээн засах, уламжлалт, мэс заслын чиглэлээр өдрийн эмчилгээ хийж байна"

Үргэлжлүүлэн "Коронавируст халдварын тусламжийн хажуугаар манай эмнэлэг үндсэн тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлсээр байгаа. Ингэхдээ ор хоногийн эргэлтийг сайжруулах зорилгоор өдрийн эмчилгээг нээн ажиллуулж эхэлсэн. Өдрийн эмчилгээнд, мэдрэлийн чиглэлээр болон сэргээн засах, уламжлалт эмчилгээ болон мэс заслын эмчилгээ багтаж байна. Түүнчлэн бид энэ оны аравдугаар сарын 11-нээс геомодиализийн таван ортой тасгийг нээн ажиллуулж эхэлсэн.

Мөн СХД-ийн хэмжээнд анх удаа манай эмнэлэг өндөр давтамжит радио долгионоор хавдрын түлэх эмчилгээ болон хамрын уян дуранг нэвтрүүлэн ажиллаж байна" гэсэн юм.