НМХГ-аас Норов 7, Мана 4 тангийн 500 грамм болон нэг килограммын савлагаатайг улсын бүртгэлээс хасуулах хүсэлт гаргажээ
11 сарын 16, 2021

Эмийн сангуудад хийсэн хяналт шалгалтын талаар мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл хийлээ. Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг удирдамжийн дагуу нийслэлийн алслагдсан байршилд үйл ажиллагаа явуулдаг 120 орчим эмчийн сан байдгаас 92 нь энэ удаагийн хяналт шалгалтад хамрагджээ. 

Уг шалгалтаар эмийн сангуудаар худалдаалагдаж буй эмүүдийн хангамж, үнэ, чанар аюулгүй байдал ямар байсан талаар НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш "25-30 нэрийн импортоор орж ирдэг өргөн хэрэглээний эм болон тариурууд тасарсан байна. Жишээлбэл, бактерийн, мөөгөнцрийн эмүүд, эмнэлгийн хэрэгсэл, дотоодын хоёр эмийн үйлдвэрийн судсаар сэлбэх 10 орчим тарилгын шингэн ховордсон. Өргөн хэрэглээний эмийн судалгаанаас үзэхэд эм ханган нийлүүлэх байгууллагуудаас татан авсан үнийн дүн дээр эмийн сангууд 10-30 хувийн нэмэгдэлтэй байхаар тооцон худалдаалдаг. 

Мөн Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас вирусийн эсрэг эмийн үнийн дээд хязгаарыг тогтоосон байдаг. Уг хязгаараас давсан буюу 350-2,500 төгрөгөөр хэтрүүлэн худалдаалж байсан зөрчил Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг компаниудын эмийн сангаас илэрсэн.

Хяналт шалгалтын явцад нийт 87 зөрчил илрүүлж, газар дээр нь 36% буюу 42-ийг арилгуулах арга хэмжээ авсан. 22 ААН байгууллагад 45 заалт бүхийн улсын байцаагчийн албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч, эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг гурван газар өгч хэрэгжилтэд хяналт тавин ажилласан.

Эмийн сангийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаар сунгуулаагүй нэг компанид зөрчлийн тухай хуулиар 3,000 нэгжтэй тэнцэх, гарал үүсэл нь тодорхойгүй эм худалдаалсан нэг эмийн санд 1,000 нэгжтэй тэнцэх, тусгай зөвшөөрөлгүйгээр иргэнд эм борлуулсан “Ариун монгол” компанид 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулсан” гэв.

500 грамм болон 1 кг-аар савлах эмийн бүртгэлийг Монгол Улсын эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх ААН-аас хасах хүсэлтийг хүргүүлжээ.

Учир нь иргэн, ААН байгууллагууд 500 грамм болон 1 кг-аар савласан Норов 7, Мана 4 танг эмийн үйлдвэрээс худалдаж аваад, жижиглэнгээр савлаж зарах нь хаяг шошгын зөрчил үүсгэж байна. Жижгээр савлаж байгаа эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллагууд байдаг гэдгийг нэмж мэдээлэв.