Ирэх долоо хоногийн баасан гаригт бүх нийтээрээ амарна
11 сарын 18, 2021

Ирэх долоо хоногийн Баасан гарагт бүх нийтийн амралтын өдөр таарч байна. Учир нь баасан гариг буюу 11 дүгээр сарын 26-нд Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа зарлан тунхагласны 97 жилийн ой тохионо.

1924 оны намар, өвлийн заагаар Монгол нутгийн өнцөг булан бүрээс 77 төлөөлөгч Нийслэл хүрээнд цуглаж, Улсын анхдугаар Их хурлаа хуралдуулсан түүхтэй. Тус Их хурлаар олон чухал асуудлыг хэлэлцэн баталсны дотор анхны Үндсэн хуулиа баталж, хаант засаг, хамжлагат ёсыг халан, төрийн эрх барих дээд байгууллагаа ард иргэд нь сонгуулиар бүрдүүлдэг Бүгд Найрамдах засаглалыг сонгосноо зарлан тунхаглажээ. Үндэсний бөхийн холбооноос мэдээлснээр Бүгд Найрамдах Улс тунхагласны өдөрт зориулсан улс, аймгийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан Бөхийн өргөөнд болно.