С.Эрдэнэ: Энэ сарын 4-6-нд болох Ардчилсан намын Үндэсний анхдугаар чуулган болно
12 сарын 2, 2021

Ардчилсан нам энэ сарын 4-6-нд Үндэсний анхдугаар чуулганаа хийх гэж байгаа талаар тус намын дарга С.Эрдэнэ өнөөдөр мэдээллээ. Тэрбээр "Арванхоёрдугаар сарын 4-6-нд Ардчилсан нам Үндэсний анхдугаар чуулганаа зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж байна. 4-нд хүндэтгэлийн бөхийн барилдаанаар чуулганы үйл ажиллагаа эхэлнэ. 5, 6-нд хуралдаан үргэлжилж, орон нутгийн төлөөлөгчдийнхөө үгийг сонсох юм. 

Үндэсний анхдугаар чуулган зохион байгуулж шалтгаан нь өмнө нь бүсийн чуулганыг 20 удаа, үндэсний хэмжээний аяныг дөрвөн удаа зохион байгуулж байсан бөгөөд эдгээрийг нэгтгэх нь зүйтэй гэж үзсэн. Мөн анхан дунд шатны гишүүдийн оролцоог хангах, үгийг сонсох зорилготой байгаа юм. 

Үндэсний чуулганд нийт 1206 төлөөлөгч оролцоно. Чуулганаар үндсэн гурван илтгэл, салбар дөрвөн мэдээлэл, илтгэлийг хэлэлцүүлж, оролцогчдын санал бодлыг сонсоно. Түүнчлэн чуулганаар Улс төрийн намын тухай хуулийн үндсэн хэлэлцүүлгийг төлөөлөгчдөдөө танилцуулна. Хоёрдугаарт, Ардчилсан намын Үндсэн дүрмийн өөрчлөлтийг танилцуулах юм" гэлээ. Үүний зэрэгцээ Ардчилсан нам уг чуулганаараа хүний эрхийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.