Зохиолчид малчин болсон нь буюу нөхөрсөг элэглэл
1 сарын 27, 2022

Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол “Миний муусайн найз нар”-аа малчин болбол иймэрхүү дүр зурагтай хүмүүс байх тухай өмнө нь нөхөрсгөөр шүлэглэснийг уншигч танаа толилуулъя


Пунцагийн Бадарч

Мал хувьчлах сургаар хөдөө гарна

Майжгий “эксел”-ээ суурь хониор зарна

Торгон өмд өдрийн нэгийг өмсдөг

Тогоо нэрсэн айлд уйлж дуулж өнждөг

Том хуван эрхтэй, өвөртөө даалуутай

Тохигүй шар өвгөн гурван сумаар тэнэнэ

Сонгуулийн үеэр онгод нь орно

Сожидмаагийнд үе үе буудгаа ч мартана

Социализм капитализм хоёрыг адилхан магтана

Амьтны үрс ялгаагүй гэж нэр дэвшигчдийг өрөвдөнө

Ах нь дүүдээ хайртай гээд толгой нь бөнжигнөнө

Гадаах хэдээсээ хандив өргөнө

Гарчихаад мартав аа чи гээд үнсэнэ

Өнөөдүүл нь цөмөөрөө мартана

Гэхдээ гомдохгүй ээ,

Өвгөн Бадарч наргиж даргиж ханхалзаж яваа дуулдана


Дамдинсүрэнгийн Урианхай

Соён гийгүүлэгч Урианхай малчин болохоор шийдэв

Сонин, араажав, зурагт, шаазгай шиг шахтнав

Ноос ачсан тэмээ гэж зарим нь харав

Номч Урианхай дүрээрээ гэж нөгөө нь шаагилдав

Амьд гэгээнтэн гэж айлын авгай итгэв

Алмас л байна даг гэж түүний нөхөр зүтгэв

Хорхой хараад заримыг нь өрөвдөн уйлж

Хогийн ургамал, шарилж луулийг ч тойрч гишгэж

Хотныхоо эмгэдэд кантын философи заах

Хонхрынхоо охидод кантри бүжиг заах

Хоргой торгоноос хөм адсагаа илүүд үзэх

Өглөө хоньтойгоо гараад өдөржин хээр ном унших

Өөр хотны хонь туусаар орой нь ирэх

Яаж ялгана даа гэж авгай нар халшрах

Ялгаагүй шүү дээ адилхан л хонь гэж

Ядарчихсан бор гэртээ цайгаа ууж суух

Алс нь мандаж манай хүн баатар болох

Алтан соёмбо гардуулахаар хүрээнд дуудах

Гуйлгачин тарьдаг төрөөс одон авахгүй гэж адрах

Гурил будаахан аваад нутгаа буцах

Гэрийнхэн нь хүрээг нүүлгээд ирсэн юм шиг баярлах

Гэрэлт тэнгэрийн дор тийм нэг бурханых шиг айл байх


Тангадын Галсан

Загийн голын долгио сонсогдох газар

Зам бараадаж бууна

Загал толгойлсон өвгөдтэй улс төр ярина

Залуучуудтай нь хонины бэлчээрт нүх шахна

Чавганц нарт эрхи, хүүхнүүдэд оймс бохь

Чанцалмаад дээлийн торго, охинд нь хөхөвч бэлэглэнэ

Чалхаа гайхуулж нүдний нь өмнө эмнэг сургана

Тэнд эндхийн төлөөлөгчдийг цөс шиг үгээр утаж

Тэмээ хариулж явж биегүй болсон гэж тунина

Арван хоёр жил нар зөв гороолсон

Алтан бүсний арал давсган дээр нь

Гучин хоёр угалзтай наамал жинс угласан хөлд нь

Гурван чоноор зүйсэн дах мөрөн дээр нь

Загийн голын Галсан жаажааг

Заларч ирэхэд нохой болгон эрхэлнэ

Аа алтаар урс ... гэсээр хоймор дүүрэхэд нь

Айлын улс “Сумъяа ноён”-той андуурна


Дамбын Төрбат

Хар сахал нь ширвээ мухар толгойтой эр

Харчины аймаг гэж гурван гэрээ зарлана

Хасарын үр би гэж дээж хүртэж

Хааны дүр би гэж дээгүүр заларна

Хурмастаар нэг пуужин, наадах чинь хэрэггүй гэхээр

Худлаа байлгүй гэж цахиур бууж сүмбэдэнэ

Нэгээс илүү эхнэр авч болдоггүй юм гэхэд

Нээрнэ үү хүүхээ гэж засаг даргыг мохооно

Мандсан төрийн хууль хатуу билээ гэхээр

Манай харчины хууль тусдаа гэж зөрүүдэлнэ

Харанхуй шөнөөр тэд тэмээ ачаалж хөдлөв

Халх дөрөв шавь тавд бараа тасрав

Нүүгээд даваа давмагц харчины улсаа байгуулав

НҮБ-д гишүүн болохоор арилж өгсөн дуулдав


Цэндийн Чимидорж

Дэрэнгийн хэдэн толгод дэргэдүүр нь цувж

Дэлтэй шар хархүн овоон дээр дурандаж сууна

Дэргэсээр усанд айсуй өөрийнхөө хэдийг

Дэлхийд эднийг гүйцэхгүй гэж эзэнгүй аархана

Усны наадах ухаад том цагаан гэрээс нь

Утаа савсан салхиар охь үнэртэв ээ...

Шагайж байсан дурангаа шалдан өвөртлөөд

Шар хархүн огисоор гэрэээдээ давхилаа

Амьсгаадсаар гэртээ ороод явчтал

Араажавын Шагдарсүрэн ирчихсэн сууж байна

Адарсүрэнгийн дуутай хальс хойморт нь эргэж

Ая нь цавуу түрхчихсэн юм шиг наалдаж байна

Ноос ноолуурынхаа мөнгийг Чимэддорож гаргаад тоолтол

“Ногоороо л биз” гэж эгч нь тэндээс дуугарав

“Төгөлдөр төгөлдөр” гээд гэрийн эзэн үл тоов

Төвийн сурвалжлагч малчин Чимээг сурвалжилж эхлэв


До.Цэнджав

Сулдаа сайвар цагаан загал морин дээрээ

Суудал засаад малчин “До” галигуулна

Роман тууж өгүүллэг шүлэг... ярайлгаж явсан хүн

Одоо тэмээ адуу хонь минь гэж тэлгүүлнэ

Гадаадаар хэсч, их сургуульд багшилж

Гавалнуудтай ном хаяж, тагшилж явсан эр

Гаднаа зэл зэлээр гүүтэй, гэртээ дуу хууртай

Галаа бадрааж явах эр хүний жаргал аа

Хонхрын нь хүн буруутаад аймгийн шүүхэд дуудагдсан ч

Хойноос нь явуулах өргөдөл авгайд нь бичиж өгч

Айл саахалтын багачуул сургуульд орох гэж тэвдэхэд

Аминд нь орох юм зааж өгч тус болж

Түүхий эдийн ханш, цаг агаарын мэдээ

Түргэхэн хэлж өгч хавьдаа нүд чих болж

Соньхон яриагий нь ангайж сонссон хүмүүс

Соёлыг гайхав гээч болж цөмөөрөө биширнэ

Ганц хүнийг шүтэж бишрэх явдал

Гарчээ тэнд гэвэл тахигдсан хүн нь “До” байна

Малчид түүнийг яаж ч өргөмжил

Магтаалд бялуурсан тэр тоох ч үгүй

Торгон цамц үйтэн хуар өмдтэйгөө

Том идээний араас дөнгөж цухуйсан “До”

Дугараагаа гүйцээ, хул хундагаа сэргээ

Дундговийн хүүхдүүд шүү бид жаргавал жаргая” гэж хашгирна


Баярхүүгийн Ичинхорлоо

Хөлс алдаж гунхалзсан улаан хүүхэн

Хөхүүртэй айрагнаасаа амсаад хутгуураараа хөнтөрнө

Бор торгон хөнжлөөс даахьтай хэдэн жаал

Босч ирээд хормойноос нь зууралдана

“Манай нөгөө хар түрүү хавраар

Мал туугаад гарсан одоо болтол байдаггүй ээ

“Хөхүүл байхад юун амархан юм бэ

Хөл хүнд яршиг” гэсээр галаа ноцооно

Галаан асмагц өглөөн саалиа хөөрүүлж

“Гарцгаа” “Хонио бэлчээ” гэж хүүхдүүдээ зандарч

Олон бор тагшинд өрөм хийж ярайлгана

Орж цайгаа уу гэж зан засрана

Цоровтой үрээ уяан дээр нь хоошилдоотой

Цовхчоод амраахгүй санаагий нь зовооно

Цоодол, Самдан энэ тэрээр сургуулюу гэснээ

Цочмог ааш нь хөдөлж өөрөө мордохоор шийдэв

Жирэмсэн хүн яршиг ч юмуу гэснээ

Жишим ч үгүй булгиулж булгиулж эцээчихээд ирэв

Жижиг хүүхэд нь аав ирсэн дээ гэсээр тосоход

“Жил тэнэхдээ яахав” гэж гомдсоноо

“Жигүүнэ эсгэж дээл хийж өгье

Жинхэнэ ханьдаа...” гэж уярсаар гэртээ орлоо