ЭЕШ-ын бүртгэл болон зохион байгуулалтын талаар цахимаар зөвлөгөө өгч байна
2 сарын 24, 2022

2022 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 18:00 цаг хүртэл eyesh.eec.mn цахим хуудсаар явагдаж байна. Бүртгэл эхэлсэнтэй холбогдуулан Боловсролын үнэлгээний төвөөс “Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл, зохион байгуулалт” сэдэвт цахим зөвлөгөө , мэдээллийг нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчид, анги удирдсан багш нарт хоёрдугаар сарын 21-28-ны өдрүүдэд өгнө.

Цахим сургалтад нийслэлийн есөн дүүргийн 223 сургуулийн нийт 14,333 сурагч хамрагдана хэмээн БҮТ-өөс мэдээллээ.

Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлэхдээ:

  • Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлэхдээ шалгуулагч зөвхөн өөрийн и-мэйл хаягийг ашиглана.
  • Элсэлтийн ерөнхий шалгалтад монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээс 2-оос багагүйг сонгож бүртгүүлнэ.
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын нэг хичээлийн төлбөр 5,800 төгрөг байна
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлээ сонгож төлбөрөө төлсөн байна. Төлбөр төлөгдөөгүй тохиолдолд бүртгэл баталгаажихгүй.
  • Хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай сургуулийн суралцагчид Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримт /өргөдөл, хүсэлт, эмчийн магадлагаа, тодорхойлолт, сургуулийн албан бичиг/-ыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ.
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоотой мэдээлэл, жишиг даалгавар, теле хичээлийг БҮТ-ийн цахим зөвлөх help.eec.mn хуудаснаас авах боломжтой.