АНУ-ын инфляц гуравдугаар сард 8.5 хувь хүрлээ
4 сарын 13, 2022

АНУ-ын хэрэглээний үнийн индекс гуравдугаар сард 1981 оноос хойш дээд түвшинд хүрч, инфляц 8.5 хувьтай гарчээ. Сарын дүнгээр хэрэглээний үнэ өмнөх сараас 1.2 хувиар өссөн нь 2005 оноос хойших дээд үзүүлэлт болж байна. Ингэснээр Холбооны Нөөцийн банк мөнгөний бодлогоо илүү хурдан чангаруулах магадлалтай хэмээн үзэж буй юм.

Инфляцад эрчим хүч, хоол хүнсний үнийн өсөлт гол нөлөө үзүүлж байна. Тодруулбал: эрчим хүчний үнэ гуравдугаар сард өнгөрсөн сараас 11 хувиар өссөн нь 2005 оноос хойших дээд үзүүлэлт боллоо. Мөн шатахууны үнэ 18.3 хувиар өссөн нь 2009 оноос хойших дээд үзүүлэлт болжээ.

Гуравдугаар сарын хэрэглээний үнийн өсөлт одоо үргэлжилж буй инфляцын оргил үе байна гэж эдийн засагчид таамаглаж буй. Энэ нь ОХУ Украинд халдсаны улмаас хүнс, эрчим хүчний үнэ эрс өссөнтэй холбоотой гэнэ. Мөн БНХАУ-д "коронавирус"-ийн халдварын тархалтын улмаас хөл хорио тогтоож байгаа нь нөлөөлж байгаа аж.