Г.Ёндон: Үндэсний баялагийн сангийн тухай хуулийг өргөн барина
5 сарын 11, 2022

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Үндэсний баялагийн сангийн тухай хуулийг УИХ-д хэлэлцүүлэхээр өргөн барих зөвшөөрөл олгосон. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр байгалийн баялагийг ашиглах суурь зарчмыг баталсан. Үүн дотор Үндэсний баялагийн сангийн тухай концепцыг оруулж ирсэн. Бид хуулийг боловсруулахдаа гадаадад байдаг 100 гаруй баялагийн сангийн нийтлэг зарчим, бодлого, төлөвлөлт зэрэгтэй уялдуулсан. Тус хууль нь хөгжлийн болон хуримтлалын сантай байна гэх бодлоготой нийцсэн. Хууль өргөн барьсантай холбоотойгоор хөгжлийн сан нь "Эрдэнэс Монгол" ХХК бүтэцтэй тодорхой хэмжээний өөрчлөлт оруулж ирж байгаа. Үндэсний баялагийн сантай холбоотой хэлэлцүүлгийг иргэдийн дунд хэд хэдэн удаа зохион байгуулна. Энэ хууль Шинэ сэргэлтийн бодлого дотор орсон хуулиудын нэг. "Эрдэнэс монгол" компанийн бүтцийг шинэ хэлбэрт оруулж, бүрдүүлэх талаар арга хэмжээ авах төлөвлөгөөтэй байна" гэлээ.