НАЛУУ-УХАА ТӨСӨЛ ДЭЭР SATHY КОМПАНИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
5 сарын 12, 2022

Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын дарга Б.Мэндсайхан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Барилга, архитектур болон хот төлөвлөлтийн чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг Бүгд Найрамдах Франц улсын SATHY компаний захирал ноён Шанто Павин, холбогдох хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын Гадаад харилцаа, олон нийт хариуцсан ахлах мэргэжилтэн О.Мишээл, SATHY компаний Гүйцэтгэх захирал Ц.Самдан нар оролцов. Уулзалтын хүрээнд Нийслэлийн дагуул хотууд, эдийн засгийн тусгай бүсийн асуудлаар ярилцаж нэн тэргүүнд эдийн засгийн болон бодит үр өгөөж өндөртэй төслүүдийн нарийвчилсан судалгаа, зураг төслийн ажлыг эхлүүлэх талаар ярилаа. Тэр дундаа ач холбогдол ихтэй Налуу-Ухаа буюу хүмүүсийн сайн мэдэхээр Налайх орчмын 5,650 га газрын төлөвлөлт, зураг төсөл, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний ажлыг энэ сард багтаан эхлүүлэх талаар хэлэлцэв. Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын дарга Б.Мэндсайхан хэлэхдээ, “Эдийн засгийн нөхцөл, байдал хүндхэн байгаагаас шалтгаалж Улсын болон Нийслэлийн төсвийн асуудал хүндрэлтэй, хэмнэх бодлогыг шат шатанд баримтлан ажиллаж байгаа боловч зураг төсөл болон хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй холбогдон гарах зардлын асуудлыг төр ба хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааны хүрээнд шийдвэрлэх боломжтой” гэдгийг хэллээ. SATHY компаний захирал ноён Шанто Павин уулзалтын төгсгөлд “Монгол улсын талаар үргэлж сонирхон судалдаг байсан талаараа дурсаж, тэр ч утгаараа Улаанбаатар хот болон түүний дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх төсөл, хөтөлбөрт өөрийн биеэр оролцож, хамтран ажиллах болсондоо баяртай байна” гэдгээ хэлэв. Түүнчлэн Налуу-Ухаа төслийн зураг төсөл болон хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хийж гүйцэтгэхдээ бодлогын баримт бичиг, хөгжүүлэх үзэл, баримтлалтай сайтар танилцаж төрийн байгууллагын саналыг нарийн тусгана гэдгээ илэрхийлэв.