Х.Бээжин: Орос Монголын найрамдалт харилцаанд сэв суулгаж буй хүмүүстэй үргэлжлүүлэн тэмцэнэ
5 сарын 16, 2022

Өнгөрсөн долоо хоногт Э.Бат-Үүл, Д.Сосорбарам нарын мэдээлэл хийж байх үед гурил цацсан иргэн Х.Бээжин мэдээлэл хийлээ. Тэрбээр "Монгол Орос хоёр орны харилцаа 100 жилийн түүхтэй. 1921 онд Ардын хувьсгалыг орос цэрэг, зэвсгийн тусламжтайгаар амжилттай хийсэн. Халхын голын дайнд мөн Орос улс бидэнд тусалсан. 1961 онд Монгол Улс НҮБ-д элсэхэд Орос улс тусалсан. Монгол Улс тусгаар тогтнолоо олоход тусалж ирсэн Орос улс, Оросын ард түмний ач тусыг бид мартаж болохгүй. Гэтэл Д.Сосорбарам, Э.Бат-Үүл нарын хүмүүс Монгол Оросын ард түмнийг хагаралдуулах арга хэмжээ, тархи угаалтыг удаа дараа хийж байна. Тиймээс эсэргүүцлээ илэрхийлж, эсэргүүцлийн хамгийн хөнгөн хэлбэр болох хоргүй бүтээгдэхүүн гурил, өндөг цацсан юм. Гурил, өндөг бол хоргүй бүтээгдэхүүн учир гэмт хэрэгт тооцогддоггүй юм билээ. Бид тавдугаар сарын 9-ний өдөр Жуковын хөшөөнд цэцэг өргөх ёслолын үеэр очиж, Оросын ард түмэнтэй сэтгэл нэгтэй буйгаа илэрхийлж, гурван орос дууг чанга яригчаар тоглуулсан юм. Тэр үед орос хүмүүс гарч ирж талархлаа илэрхийлж, зарим нь уйлж байсан. Орос, Монголын ард түмнийг хагалан бутаргаж байгаа Э.Бат-Үүл, Монголхүү нарын эсрэг тууштай тэмцэнэ. Цаашид бид тэмцлээ үргэлжлүүлнэ, Э.Бат-Үүлийг хүмүүжүүлэнэ. Эхний удаа гурил цацсан, дараагийн удаа ташуурдана. Монголчууд болохгүй байгаа хүүхдээ ташуурдаж хүмүүжүүлдэг, домнодог уламжлалтай. Бид нар ч гэсэн аавынхаа суран ташуурын амт үзэж өссөн, буруудсан юм байхгүй. Орос Украины дайны талаар бид ямар ч байр суурь илэрхийлээгүй, дайныг дэмжээгүй. Орос Монголын найрамдалт харилцаанд сэв суулгаж буй хүмүүстэй үргэлжлүүлэн тэмцэнэ" гэв.

Мөн Гурил цацсантай холбогдууулж Таныг шалгасан уу? гэх сэтгүүлчийн асуултад тэрбээр "Хуулийн байгууллага шалгаж байгаа, шийдвэр нь гараагүй байна. Бат-Үүлийн ярьсан шиг шившлэгтэй гурил биш, "Алтан тариа"-гийн цэвэр гурил учир шалгагдаад үнэн мөн нь тогтоогдох байх" гэлээ.