Б.Энхбаяр: Ажлын хэсэгт их лобби ордог
5 сарын 17, 2022

Өнөөдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Зөрчлийн тухай хуульд шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Ажлын хэсэгт их лобби ордог юм. Яагаад гэхээр Зөрчлийн хуулийн асуудал 14-16 төрийн, ялангуяа хяналтын чиг үүрэг бүхий байгууллагуудын эрхлэх асуудал орж ирдэг. Тэгэхээр ажлын хэсэгт хандаж, хуулийн төслөө байгууллагын лобиноос ангид, иргэдийн нүдээр, мэргэжилтнүүдийн нүдээр харж бичээсэй гэж хэлмээр байна. Ажлын хэсэгт орсон улсын байцаагч, байгууллагын дарга нарын төлөөний хүмүүс бүгдийг зөрчилд оруулж, өөрсдөө шалгадаг болгохоор дайрдаг. Тэр жил би нэг заалт хасаж байсан, хүнд хэлэхэд ичмээр. Ааруул сүү хөдөөнөөс хот руу зөөхөд аймгийн төвийн хөдөө аж ахуйн хэлтсээс зөвшөөрөл авч байна гэх. Тэгээгүй хүнийг 50 мянган төгрөгөөр торгоно гээд явж байсан. Ариун цэврийн шаардлага хангаагүй тээврийн хэрэгслээр отор нүүдэл хийвэл 100 мянган төгрөгөөр малчныг торгоно гэсэн юм оруулах гээд явж байсан. Насанд хүрээгүй мал хээлтүүлбэл малчныг нь 50 мянган төгрөгөөр торгоно гээд явж байсан. Ийм юмнууд оруулах гээд байдаг. Тэгэхээр үүнд анхаарч үзээрэй" гэлээ.