Энэ сараас НДШ-ийн 50 хувийг буцаан олгоно
5 сарын 27, 2022

   Зарим салбарын ААН-ийн ажилчин ажилтнууд энэ сараас эхлэн НДШ-ийн 50 хувийг буцаан авах талаар НДЕГ-аас мэдээллээ. Тодруулбал, нэг сая төгрөг болон түүнээс доош хэмжээний цалингаас НДШ төлдөг иргэдийн энэ оны 5-12 дугаар сард төлсөн НДШ-ийн 50 хувийг буцаан олгох юм.

Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар ажил олгогч тухайн сарын нийгмийн шимтгэлийн тайлангаа дараа сарын 5-ны дотор нийгмийн даатгалын байгууллагад ирүүлдэг. Энэ тайланд үндэслэн иргэдэд олгох нийгмийн даатгалын буцаан олголтыг дараа сарын 25-ны дотор олгохоор журамлаж байна.

Засгийн газраас төсөвт байгууллага болон газрын тос, уул уурхайн чиглэлээс бусад салбарын ААН-ийн ажилтны төлдөг НДШ-ийн 50 хувийг он дуустал буцаан олгохоор шийдвэрлэсэн юм. Уг шийдвэр энэ оноос хэрэгжиж эхэлж буй ч төсвийн тодотгол хийсний дараа НДШ-ийн буцаан олголтыг эхлүүлнэ хэмээн албаныхан мэдэгдэж байсны дагуу ийнхүү хэрэгжих нь.