С.ГАНБААТАР: Үндсэн хуулийн Цэц улс төрийн том жүжиг тавьж байна
8 сарын 25, 2022

Ардчилсан намын бүлгээс өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар Үндсэн хуулийг хамгаалах ёстой Үндсэн хуулийн цэцийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Үндсэн хууль гэдэг ойлголт анх Франц Улсад үүссэн. Анх үүсэхдээ нэг л хүнд тулгуурлаж байсан. Үндсэн хууль бол даварсан дарга нарыг боомилно гэсэн утгатай зүйл. УИХ-ын 76 гишүүн адуу хулгай хийсэн хүүхдийг хэрхэн шийдэх вэ гэж хууль гаргадаг. Харин 76 гишүүн өөрсдөө хулгай хийвэл яаж шийдэх ёстой гэдэг ард түмний ганц эрх мэдлийг өнөөдөр МАН хулгайлсан.

Үндсэн хуулийн 66-р зүйлд 27 удаа УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Ерөнхий шүүгч нарыг шүүх, хуульчлах тухай заасан байдаг. Энэ заалтад иргэн гэж нэг ч ороогүй. Өнөөдөр хэсэг бүлэг 76 адууны хулгайч нийлж байгаад адууны хулгайн тухай хуулинд гар дүрчлээ гэдгийг хэлээд байгаа юм. Монголын ард түмэн ухаантай, бүгдийг нь мэдэж, харж байгаа. Үндсэн хуулийн цэц улс төрийн нэг том жүжгийг өнөөдөр Монголд тавьж байна. Үүнээс гарахын тулд ард түмэн бол Үндсэн хуулийн эзэн гэдгээ сайн ойлгох хэрэгтэй. Тиймээс ард түмэн энэ хуулиа анхааралтай, хариуцлагатай харж байгаа гэдэгт итгэлтэй байгаа” гэв.