МСНЭ: Ж.Соронзон захирлыг Монголын сэтгүүлчдээс уучлалт гуйхыг шаардаж байна
9 сарын 6, 2022

  Монгол-Оросын III сургуулийн захирал Ж.Соронзонгоос мэдээлэл авахаар очсон сэтгүүлчдийн техник хэрэгслийг булаан авч, биед нь халдсан явдал болсон. Үүнтэй холбоотойгоор Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс мэдээлэл хийлээ. МСНЭ-ийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар "Ж.Соронзон захирал монголын сэтгүүл зүй аймшигтай, аймар, бохирдсон, шантаажсан гэх үгнүүдийг олноор хэлсэн. Тиймээс би ерөнхийлөгчийн хувьд монголын сэтгүүлчдээс уучлалт гуйхыг шаардаж байна. МСНЭ сэтгүүлчидтэйгээ хамт байгаа шүү гэдгийг хэлмээр байна" гэв. Түүнчлэн Харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч Б.Ууганбаяр “МСНЭ сэтгүүлчдээ хамгаалахын тулд ажиллана. Ингэхдээ сэтгүүлчдийнхээ нийтлэг эрх ашгийг хамгаална. Тодруулбал, сэтгүүлч үйл ажиллагаагаа явуулахад учирч байгаа асуудалд, хэвлэлийн эрх чөлөөнд тулгарсан асуудал, үүнийг засах арга замыг эрэлхийлнэ. Бид сэтгүүлчдийг гутаадаг байдалд үе шаттай арга хэмжээг авч, хууль хяналтын байгууллагад эвлэлийн өмнөөс гомдол гаргах болно. Сэтгүүлч нийтийн эрх ашгийг хамгаалдаг. Нийтийн эрх ашгийг хамгаалж буй сэтгүүлчийг нэг хүн өөрийнхөө эрх ашгийн төлөө доромжилж болохгүй” гэв. Мөн тус үйл явдалтай холбогдуулан мэдэгдэл гаргалаа.

 Тус мэдэгдэлд “Сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулж зүй бусаар халдсан, техник хэрэгсэл, эд зүйлийг нь булаан авсан. Ялангуяа, сэтгүүлчийн гар утсыг булаан авсан нь хамгийн ноцтой бөгөөд баримтыг устгах, сэтгүүлчийн хувийн мэдээллийг буруугаар ашиглах, дарамтлах, гуйвуулах эрсдэлтэй. Иймд МСНЭ энэхүү үйлдлийг эрс эсэргүүцэж, энэ асуудлыг хууль хяналтын байгууллага түргэн шуурхай, үнэн зөвөөр шалган шийдвэрлэж, буруутай этгээдийг нэн даруй илрүүлэн хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж байна. Цаашид хэвлэлийн эрх чөлөөнд санаатай болон санамсаргүй халдсан аливаа үйлдлийг тууштай эсэргүүцнэ. Шаардлагатай гэж үзвэл тэмцлийн бүхий л хэлбэрийг ашиглан мэргэжлийн эрх ашгаа хамгаалан ажиллах болно гэдгээ мэдэгдэж байна” гэсэн байна.