Хэсэг, хороо, дүүргээс ирүүлсэн саналыг 2023 оны төсвийн төсөлд тусгана
9 сарын 13, 2022

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр нийслэл, дүүргийн удирдлага, хорооны засаг дарга, хэсгийн ахлагч нартай хийсэн “Шинэ сэргэлтийн бодлого Алсын хараа -2050” уулзалтыг зохион байгууллаа. УИХ-аас баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан үндэсний нэгдмэл үнэт зүйл, үндэсний бахархал, өв соёл, хүний хөгжил, эдийн засаг, засаглал, ногоон хөгжлийн бодлого, нийслэл болон бүс, орон нутгийн хөгжлийн бодлого, бодлогын хэрэгжилтийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад ажиллаж буй удирдах албан тушаалтнууд, анхан шатанд ажиллаж буй бүхий л хүмүүст танилцуулж, сонирхсон асуултад хариулан харилцан ярилцсан юм. Уулзалтад УИХ, Засгийн газрын гишүүд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын холбогдох албан тушаалтнууд, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчид, хотын удирдлагууд болон дүүрэг, хороодын удирдлага, хэсгийн ахлагч нар нийт 2165 төрийн албан хаагчид оролцлоо.

Уулзалтын ач холбогдол, агуулгын хүрээг түүнд оролцогчдын ирцээс харж болохоор байлаа. Уулзалтад:

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалтнууд 113 /ирц 100%/

Багахангай дүүрэг 16 /ирц 100%/

Багануур дүүрэг – 30 /ирц 83.3%/

Баянгол дүүрэг 299 /ирц 100%/

Баянзүрх дүүрэг 533 /ирц 99,4%/

Налайх дүүрэг 68 /ирц 100%/

Сүхбаатар дүүрэг 203 /ирц 100%/

Сонгинохайрхан дүүрэг 372 /ирц 94,8%/

Хан-Уул дүүрэг 230 /ирц 100%/

Чингэлтэй дүүрэг 241 /ирц 97.96%/ ирцтэйгээр оролцлоо.

 

 “Шинэ сэргэлтийн бодлого Алсын хараа -2050” уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, ойрын болоод алс ирээдүйн зорилт, баримтлах зарчмаа танилцуулсан. Тэрбээр хэлэхдээ:

 -Асуудал цогц гэдгийг харалгүйгээр салбарууд, хот, аймгууд, сум орон нутаг тус тусдаа хөгжлийн бодлого боловсруулж, баримталж ирсэн нь өнгөрсөн 30 жилийн алдаа байсан. Тиймээс бид “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг шинээр боловсруулсан. 567 салангид бодлогын баримт бичгийг нэгтгэж, өнгөрсөн 30 жилээ дүгнэн, ирээдүйн 30 жилийг бүхэлд нь төсөөлж боловсрууллаа. Тус бодлого нь “Үндэсний нэгдмэл үнэт зүйл”, “Хүний хөгжил”, “Амьдралын чанар ба дундаж давхарга”, Эдийн засаг”, “Засаглал”, “Ногоон хөгжил”, “Амар тайван аюулгүй нийгэм”, “Бүс, орон нутгийн хөгжил”, “Улаанбаатар ба дагуул хот” зэрэг нийт есөн дэд бүлгээс бүрдэх юм. Үүнээс Монгол Улсын хөгжлийн бодлогод Улаанбаатар хотыг дангаар нь оруулж ирсэн анхны баримт бичиг болсон юм.

 Эхний 10 жил буюу 2021-2030 онд хэрэгжүүлэх бодлого бол “Шинэ сэргэлтийн бодлого”.

Боомтын сэргэлт: Боомтын хүчин чадлыг нэмэх, Хилийн боомтыг төмөр зам болон авто замаар холбох, агаарын тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хуурай замын боомтыг нэмэгдүүлэх.

Эрчим хүчний сэргэлт: Дулааны станцуудын насжилт 35-60 жил, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний насжилт 32-62 жил болсон. Жил бүр цахилгаан импортлоход 400 тэрбум төгрөг дунджаар зарцуулдаг. Тиймээс эрчим хүчний төслүүдийг эрчимжүүлж байж Улаанбаатар хотын эрчим хүчийг сэргээж байж амьдралын чанар сайжруулан, шинэ хот байгуулах боломжтой болно.

Аж үйлдвэрийн сэргэлт: 90 хувь нь нэмүү өртөг шингээлгүйгээр экспортолдог бол боловсруулсан бүтээгдэхүүний 90 хувийг импортоор худалдан авдаг. Нийт экспортын 92 хувийг уул уурхай эзэлдэг бөгөөд үүнд зэсийн хүдэр, баяжмал, чулуун нүүрс, мөнгөжөөгүй алт, төмрийн хүдэр, баяжмал ордог. Эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлэх ёстой. Мал аж ахуй, аж үйлдвэрлэл, газар тариалангаа хөгжүүлж экспортоо сэргээх хэрэгтэй байна. Аж үйлдвэржилтийн төслүүдийг хэрэгжүүлж, үйлдвэрүүдийг байгуулж, хөдөө орон нутагт гарч буй ажлын байрыг Улаанбаатар хотод зарлаж, залуусыг аж үйлдвэржилтийн салбарт хувь нэмрээ оруулах боломжийг бүрдүүлнэ.

Хот, хөдөөгийн сэргэлт: Улаанбаатар хот Монгол Улсын газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг хэдий ч нийт хүн амын 47.6, их дээд сургуулиудын 90 хувь, худалдаа үйлчилгээний 84 хувь, нийт хуримтлалын 81 хувь, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн 76 хувь, улсын хэмжээний автомашины 84 хувь, ДНБ-ний 65 хувь нь нийслэлд төвлөрч байна. Энэ нөхцөл байдалтай удаан үргэлжилбэл Монгол Улс Улаанбаатар улс болоход ойрхон байна. Хязгаар нутаг эзгүйднэ, нийслэл Улаанбаатар хэт төвлөрлийг улмаас хүчгүйдэж мэднэ. Тиймээс төвлөрлийг сааруулах чиглэлд давс шиг гашуун боловч хэтдээ өгөөжтэй шийдвэр гаргах болж байна.

Бүс, орон нутгийн хөгжлийн сэргэлт: Аймаг орон нутгийн хөгжлийг дэмжиж ажиллана, томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. Өнөөдөр Дорнод, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон гэсэн зургаан аймгаас бусад нь улсын төсвөөс татаас авч байна. Аймгууд бие даан хөгжиж, төсвөө бүрдүүлэх шаардлага тавина.

Дагуул хот: Улаанбаатар хот цаашдаа Богдхан уулыг тойрч хөгжинө. Мөн Багануур дүүрэг, Дархан-Уул зүгт хоёр тийш сунаж хөгжинө. Алслагдсан дүүргүүдээ дэмжиж ажиллана. Нийслэлийн тойрсон хурдны замыг бид байгуулна. Богдхан төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлж ойрын ирээдүйд дуусгана. Хөшгийн хөндийд тээвэр логистикийн төв байгуулна. Ингэснээр хөдөө орон нутгаас ирж буй иргэд заавал Улаанбаатар хотын төв дундуур биш хотын захаас хүнс, бараагаа татах боломжийг гаргаж өгнө. Энэ бүх дэд бүтцийн хөрөнгийг төрөөс санхүүжүүлж, хуваарилна хэмээн мэдэгдлээ.

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

-Өнгөрсөн хугацаанд та бид, төдийгүй Улаанбаатар хотын үе, үеийн удирдлага нийслэл хотын хөгжлийн бодлогыг бие даасан байдлаар тодорхойлж, хүн амын төвлөрөл, эдийн засгийн төв цэг хэмээн үзэж ирсэн бол “Шинэ сэргэлтийн бодлого” батлагдсанаар Хот, хөдөөгийн хөгжлийн учир шалтгаан хийгээд учир зүйг хамтад нь тодорхойлж, төвлөрлийг сааруулах, хөгжлийг түгээх, үлгэрлэн манлайлах шаардлага урган гарч байна. Энэ нь Монгол Улсын хөгжлийн бодлогын уялдаа холбоо бүрэн дүүрэн хангагдаж, эрх тэгш хөгжин дэвшихийн суурь үндэс бөгөөд Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах зөөлөн бодлогыг Улаанбаатар хотын хурдацтай хөгжлийн зорилттой хослуулан хамтран хэрэгжүүлэх нь бид бүхний нэн шинэ үүрэг хариуцлага юм. Үүний тулд Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулах, орон нутаг руу чиглэсэн хүн амын шилжих хөдөлгөөнийг дэмжих, орон нутаг дахь газар өмчлөлийг идэвхжүүлэх, худалдаа логистикийн төвүүдийг байгуулж, амжилттай ажиллуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлье.

 

УИХ-аас 2021 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг баталснаар нийслэл хот түүхэндээ анх удаа хөгжлийн бодлогоо бие даан тодорхойлох, стратеги төлөвлөгөөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, санхүүжүүлэх боломж бүрдсэн. Энэ хүрээнд нийслэл Улаанбаатар хотын тойргийг тэлж, төвлөрлийг сааруулж, нэг төвт, шугаман хотоос олон төвт хотыг бий болгох нь хотын сэргэлтийн бодлогын нэн чухал зорилт юм. Хөшгийн хөндийд цогцлоох шинэ хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг 2022 оны наймдугаар сарын 12-ны өдөр албан ёсоор эхлүүлсэн нь уг зорилтыг хэрэгжүүлэх санаачилгыг бодит ажил хэрэг болгож, гараанаас гаргасан түүхэн үйл хэрэг боллоо хэмээн өгүүлсэн юм.

“Шинэ сэргэлтийн бодлого Алсын хараа -2050” уулзалтад оролцогчдын зүгээс хэсгийн ахлагч нарын цалин хөлс, нийгмийн асуудлыг шийдэхээр санаачилга гаргаж байгаад талархал илэрхийлсний дээр нийслэлд хэрэгжих томоохон төслүүдийн талаар тодруулан асууж байв. Хөнгөн галт тэрэг, дүүжин тээврийн төслүүд хэрэгжих эсэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн маргаантай асуудлыг яаравчлан шийдэх, ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгуудыг шинэчилж зохион байгуулах ажлыг эрчимжүүлэх, дэд төвүүдэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг өгөх, хөрсийг бохирдуулж буй авто худалдааны төвүүд, авто засварын газруудыг хотоос гаргаж, Авто цогцолбор руу нүүлгэх, хотын захын хороололд амьдарч буй айл өрхийн цахилгааны хангамжид анхаарах, алслагдсан хороодод автобусны үйлчилгээг сайжруулах, анхан шатанд ажиллаж буй хэсгийн ахлагч нарын сул орон тоог нөхөх, тэдэнд ээлжийн амралт олгодог болох зэрэг саналыг хэлж байлаа.

Нийслэлд төрийн үйлчилгээг анхан шатанд хүргэж буй хэсгийн ахлагч, хороодын ажилтнууд, дарга нарын тавьсан санал санаачилгыг төрийн бодлогод тусгаж, хийж хэрэгжүүлэх ажлыг дээрээс бус анхан шатны нэгжээс гаргасан саналд тулгуурлах эхлэлийг ийнхүү тавьж байна. Ингэснээр төрийн бодлого бодит хэрэгцээ шаардлагад нийцэж, хэрэгжилт сайжирна гэж үзэж байна.

 

 

 НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР