Паркийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гарчээ
6 сарын 14, 2018

Үндэсний соёл амралтын хүрээлэн /ҮСАХ/ буюу хүүхдийн паркт өчигдөр 15.00 цагийн үед осол гарсан юм. Ослын улмаас “Агаарын хөлөг” -т сууж, тоглож байсан дөрвөн хүүхэд гэмтэл авсан.

Олсын газарт цагдаа болон нийслэлийн Мэргэжлийн хяналтынхан ажилласан. Одоогоор нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан  хүүхдийн паркийн үйл ажиллагааг түр хааж, 'Агаарын хөлөг' тоглоомыг актлах шийдвэр гаргажээ. Уг тоглоом нь 2010 онд ашиглалтад орсон бөгөөд хүүхдийн баярын өмнөхөн шалгалт хийхэд, төмөр эд ангиуд зэвэрч гадаргууг нь цэвэрлэх шаардлагатай болсон байжээ.

Тэгвэл гэмтсэн хүүхдүүдийн биеийн байдал ямар байгаа талаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч П.Баярсайханаас тодрууллаа.

ҮСАХ-нд гарсан ослын улмаас бэртсэн дөрвөн хүүхдийн биеийн байдал ямар байна вэ?

-Өчигдөр 16.00 цагийн орчимд паркийн тоглоомоос болж гэмтсэн гэх 10-14 насны дөрвөн хүүхэд ирсэн. Гурван эмэгтэй, нэг эрэгтэй хүүхэд байсан. Бид яаралтай тусламж үзүүлж, мөн шинжилгээ хийж, зураг аваад ноцтой гэмтэл илрээгүй тул дүүргийнх нь эмчийн хяналтад шилжүүлсэн. 

Тэдгээр хүүхдүүдийн гэмтэл хөнгөн гэсэн үгүү?

-Биеийн байдал нь харьцангуй, тогтвортой байна. Одоогоор харьяа дүүргийн эмчийн хяналтад эмчлүүлж байгаа. Үзлэг хийх явцад ясны хугарал байхгүй, зөөлөн эдийн гэмтэлтэй, шархтай гэсэн онош тогтоогдсон. Сүүлд нь хоёр хүүхэд нэмэгдэж  ирсэн. Тэд нар 103 дээр үзүүлээд явсан байгаа. 

Эцэг, эхчүүдэд сануулж хэлэхэд зуны амралт эхэлж, хүүхдүүд осолд өртөх нь эрс ихэслээ. Голд живэх, түлэгдэх, дугуйнаас унах гэх мэт ослууд сүүлийн үед нэмэгдээд байна. Тийм учраас осол гэмтлээс бага насны хүүхдийг урьдчилан сэргийлэхийг эцэг эхчүүдэд анхааруулж хэлэх байна.