Яармагийн 40 хувь нь гэр хороолол, 60 хувь орон сууцны хороолол болоод байна
9 сарын 26, 2022

   Нийслэлчүүд нэг хэсэг Зайсангийн ам руу тэмүүлдэг байлаа. Агаар тунгалаг, утаагүй цэлмэг гээд хэрэндээ л Зайсан орчимд байр авчих санаатай хэн хүнгүй л үздэг байв. Бүр баячуудын бүс ч гэгддэг байв. Харин өнөөдөр нийслэлчүүдийн тэмүүлдэг газар Яармагийн дэнж болжээ. Хэдхэн жилийн өмнө Яармагийн дэнж хуучин морин тойруулгаас өөр зүйлгүй зэлүүд газар байсан. Замынхаа хойно Туулын хөвөө дагасан гэр хорооллоос өөр зүйлгүй энэ хавь өнөөдөр нийслэлчүүдийн дурлан нүүдэг газар болжээ. Товчхондоо Яармагийн дэнж маш хурдацтай хөгжиж буй бүс юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Яармагийн гэр хороолол 40 хувь болтлоо буурч орон сууцны хороолол 60 хувьд хүрч нэмэгджээ. Ирэх таван жилийн дотор Яармагийн дэнжийн гэр хорооллыг 100 хувь орон сууцжуулахаар Хан-Уул дүүрэг төлөвлөөд байгаа аж. Тэгвэл энэ жил Хан-Уул дүүрэгт шинэ суурьшлийн бүс дагаж ямар бүтээн байгуулалт хийгдсэн бол гэдэг сонирхол татна. Ямартай ч хүн амын нягтралаас хамаарч 23, 24 дүгээр хороог шинээр байгуулжээ. 24 дүгээр хороо “Вива сити” хороололд байрлах бол 23 дугаар хороо Нийслэлийн захиргааны шинэ байранд байрласан байна. Шинэ хороодын дэргэд өрхийн эмнэлгийг нээхээр ажиллаж байгаа аж.

                             Яармагийн замд 2015 оноос хойш 56 хүн амиа алджээ

Хүн ам эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан оршин суугчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс Яармагийн нүхэн гарцын ажлыг дүүргийн хөрөнгө оруулалтаар эхлүүлээд одоо 85 хувьтай явж байгаа аж. Угтаа хавар нүхэн гарц барих зураг төсөл батлагдсан ч намар наймдугаар сард санхүүжилт нь олгогдсоноос болж ийн ажлыг оройтуулсан хэрэг. Нүхэн гарц замын түгжрэлийг яаж бууруулах юм, хэрэггүй ажил хийлээ гэх шүүмж энэ намаржин явж байна. Гэхдээ яг энэ нүхэн гарцын орчимд 2015 оноос хойш нийт 56 хүн зам хөндлөн гарч амиа алдснаас 30 гаруй нь хүүхэд байгаа юм. Харамсалтай биш гэж үү. Энхтайван цагт 56 хүн зам дээр амь тавина гэдэг. Тиймээс л хамгийн оновчтой шийдэл нь нүхэн гарц гэдгийг албаныхан онцолж байна. Яармаг орчимд ийм нүхэн гарц дахиад 3-4 шаардлагатай байгааг ч хэлж байв.

Энэ талаар Хан-Уул дүүргийн IV хорооны Засаг дарга О.Ганхуяг “Манай энэ хавьд 9000 орчим хүн амтай байсан. Одоо 30 гаруй мянган оршин суугчтай болсон. Хүн ам асар хурдацтай өсөж байна. Үүнийг дагаад ажлын өдрүүдэд сургуулийн хүүхдүүдийн урсгал, амралтын өдөр “Хүннү Молл” худалдааны төвийг зорих иргэдийн урсгал эрс нэмэгддэг нь автозамын хөдөлгөөний ачаалалд нөлөөлж, улмаар зам тээврийн осолд орох гол хүчин зүйл болдог. Нүхэн гарцтай болсноор иргэдийн аюулгүй байдал нэг талаараа хангагдана гэж үзэж байна” гэв.  Биднийг мэдээлэл бэлтгэх үед ч иргэд гарцгүй газраар зам хөндлөн гүйж гарах, автомашины урдуур гүйх, бага насны хүүхдээ хөтлөн улаан гэрлээр гарах тохиолдол харагдаж байлаа. Тэгвэл удахгүй ашиглалтад орох нүхэн гарц нь 37.5 метр урттай бөгөөд явган зорчигчдын орох, гарах хэсэг нь хоёр талдаа тус бүр 39 метр урт, 5.7 метр өндөртэй, битүү дээвэртэй, шилэн фасадтай байх бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй болон дугуйт хэрэгсэлтэй иргэд зорчих боломжтой орц, гарцыг налуу зам болон шаттай хийж байна. Түүнчлэн бороо орсон үед усанд автахаас сэргийлж ус зайлуулах шуудуу зэргийг сайн төлөвлөжээ. Иргэд нүхэн гарцаар гарч гэрлэн дохионууд дээр ачаалал үүсэхгүй машинууд чөлөөтөй зорчих нөхцөл бүрдэх юм. Ингэснээр түгжрэл ч багагүй буурна гэсэн судалгаа гарчээ.  Хамгийн гол нь иргэд замын хоёр талд нүхэн гарцаар аюулгүй зорчих боломжтой болж дахин амь эрсдэхээс сэргийлж чадах нь.

      Сарын дараа Яармагт 200 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг ашиглалтад орно

Харин дараагийн асуудал бол улсын сургууль, цэцэрлэгийн дутагдал. Хүн ам нэмэгдэхийн хэрээр сургууль, цэцэрлэг хүрэлцэхгүй нэг зовлон оршин суугчдын толгойны өвчин байв. Тус Яармагийн орчимд ихэнхдээ өндөр төлбөртэй хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгүүд байдаг. Тэгвэл Хан-Уул дүүрэгт хэд хэдэн сургууль, цэцэрлэг байгуулахаар төлөвлөж байгаагийн нэг нь дүүргийн хөрөнгө оруулалтаар IV хороонд 200 ортой хүүхдийн цэцэрлэг. Цэцэрлэг ирэх ард ашиглалтад орох юм байна. Ойр орчмын иргэд “Манайх гурван хүүхэдтэй. Хол цэцэрлэгт хүүхдээ зөөх шиг хэцүү юм байхгүй. Одоо харин хаяандаа цэцэрлэгтээ болох нь. Цэцэрлэгт хүүхдээ өгчихвөл бид ч санаа амар ажил төрлөө хийж амьдрал ахуйгаа дээшлүүлмээр байна” гэв. Одоогийн байдлаар барилгын гадна тохижилт болон хана таазны ажил бүрэн дууссан бөгөөд сарын дараа хүлээлгэж өгөх талаар “Тэнүүн костракшн” компанийн инженер Ч.Отгонбат хэлэв. Уг цэцэрлэгээс нэг автобусны буудлын цаана улсаас мөн сургууль барьж байна. Тэгэхээр Хан-Уул дүүргийн хувьд энэ жил Яармагийн бүсийг дагаад нэлээд бүтээн байгуулалтыг өрнүүлсэн нь хийсэн ажлаас нь илт. Үүнээс харахад Нисэх, Яармагийнханы дэд бүтцийн тулгамдсан асуудал хэсэгхэн зуурынх байж удахгүй тухайн орчиндоо төрийн үйлчилгээг хэд алхаад авчих боломж нөхцөл ч бүрдэх бололтой.

            Яармагийг Нэгдүгээр хороололтой холбосон гүүр барихаар төлөвлөжээ

Дашрамд дурдахад уг цэцэрлэгийн хажуугаар Нэгдүгээр хороолол руу гарах гүүрийг ойрын жилүүдэд тавихаар дэд бүтцийг нь төлөвлөөд байгаа юм байна. Заавал Сонсголонгийн гүүр гэлтгүй Яармагаас Нэгдүгээр хороолол руу хүрдэг болон гэсэн үг. Ямартай ч шаардлагатай зураг төслийн ажлууд хийгдэж байгаа аж.