Б.ЖАВХЛАН: Сарын 15 сая төгрөгийн цалинтай иргэд 15 хувийн татвар төлнө
9 сарын 27, 2022

    Сангийн яам ирэх оны улсын төсвийн төслийг пүрэв гарагт УИХ-ын даргад өргөн барина. Сангийн яамны мэргэжилтнүүд төсвийн төслийг боловсруулж дуусжээ. Ирэх оноос эхлэн хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт л олгоно, өндөр орлоготой иргэдэд олгохгүй талаар бид мэдээлсэн. Ингэснээр нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгоно. 

Мөн өмнөх хөрөнгө оруулалтуудыг дуусгах, ам.долларын гадагшлах урсгалыг хянах зорилгоор 2023 онд улсын төсвөөр шинээр барилга байшин барих гэх мэт хөрөнгө оруулалтын төслүүдийг шинээр эхлүүлэхгүй. Мөн нэг сард 20 сая ба түүнээс дээш төгрөгийн цалинтай иргэд 20 хувийн ХХОАТ (хувь хүний орлогын албан татвар) төлөхөөр төсөлд тусгажээ. Хэн илүү орлоготой, тэр хүн илүү өндөр татвар төлөх зарчимд шилжих цаг болсон гэж Сангийн яам үзэж байна. Одоо орлогын хэмжээнээс үл хамааран бүх хүн 10 хувийн, ижил хэмжээтэй татвар төлж байна.

2023 оноос эхлэн сарын 

  • 10 сая хүртэл төгрөгийн цалинтай бол 10 хувийн
  • 15 сая ба түүнээс дээш төгрөгийн орлоготой бол 15 хувийн
  • 20 сая ба түүнээс дээш төгрөгийн цалинтай бол 20 хувийн татвар төлж эхэлнэ.

Манай улсад 1.3 мянган хүн 10 сая ба түүнээс дээш төгрөгийн цалинтай.  Уул уурхайн компаниуд, банкууд гэх мэт ТОП 100 ААН-ийн удирдах түвшний хүмүүс л ийм хэмжээний цалин авдаг хэмээн Сангийн яамнаас танилцуулав.