Индонез улсад сураггүй алга болсон эмэгтэйн цогцос аварга могойн гэдэснээс олджээ
10 сарын 27, 2022

 Өнгөрсөн ням гарагийн өглөө каучук тариалдаг талбайд ажиллахаар явсан 50 гаруй насны эмэгтэй сураггүй алга болсон хэрэг Индонез улсын Жамби мужид гарсан юм.

Маргааш нь эмэгтэйг эрэн сурвалжлах явцад нутгийн иргэд маш том гэдэстэй аварга могой олжээ. Иргэд 5 метр урт биетэй могойг алж, гэдсийг нь ярахад дотроос нь сураггүй болсон эмэгтэйн цогцос бүтнээрээ гарсан байна.

Хүн могойд залгиулсан явдал ховор тохиолддог тухай орон нутгийн албаныхан ярьжээ. Индонез даяар хамгийн сүүлд 2017, 2018 онуудад тус тус нэг ийм золгүй тохиолдол бүртгэгдэж байсан гэнэ.

Питон аварга могой барьсан амьтнаа бүхлээр нь залгидаг. Энэ амьтны эрүү нь маш уян хатан бүтэцтэй байдаг тул залгих амьтны хэмжээгээр сунадаг байна.

Ердийн үед жижиг мэрэгчдийг хүнсэндээ хэрэглэдэг питон аварга могой биеийн хэмжээ нь томрох тусам илүү том амьтныг ангийн олзоо болгодог тухай судлаачид тайлбарлажээ.

Энэ үедээ зэрлэг гахай, буга гөрөөс зэрэг том биетэй амьтдыг бүхлээр нь залгиж чаддаг байна.