Л.ЭНХ-АМГАЛАН: Манай шинжлэх ухаанай хүрээлэнгүүдийг төр хуулиараа чөдөртэй морь шиг болгочихсон
11 сарын 25, 2022
Манай шинжлэх ухааны хүрээлэнгүүдийг чөдөртэй морь шиг болгочихсон юм байна лээ. Төр томоохон захиалгуудыг өгч байгаагүй. Улсын томоохон үйлдвэрүүд, Эрдэнэтээс авахуулаад том ТЭЗҮ хийхэд тендерийн хуулиар эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн тендерт орох эрхийг хуулиар хаагаад хаячихсан.
Барьцаа хөрөнгө шаардана, банкны данс шаардана. Тамга цүнхэлсэн компаниуд, цүнхний зөвлөх компаниудын бизнес гараад ирчихсэн. Эрдэнэт үйлдвэр дээр жишээ нь 3 тэрбум төгрөгийн ТЭЗҮ судалгааны тендер зарлахад манай хүрээлэнгүүд орж чаддаггүй. Тэгээд нэг тамга цүнхэлсэн компани орж тендер аваад манай хүрээлэнгүүдээр тэр ТЭЗҮ-гээ 10 дахин бага үнээр буюу 300 сая төгрөгөөр хийлгэдэг. Ерөөсөө л бодит байдал энэ.
Газарзүй гео экологийн хүрээлэн өнөөдөр байгаль орчны үнэлгээ, ТЭЗҮ хийх эрхгүй сууж байна. Монгол Улсын хөгжилд хэрэгцээтэй байгаа томоохон нефьтийн үйлдвэр, нүүрс, химийн үйлдвэр гэдэг ч юм уу. Ийм төслүүдийн байгаль орчны үнэлгээ жинхэнэ эрдэмтэн, судлаачдын нөөц болсон үндэсний хүрээлэнгүүд дээр хийгдэж байх ёстой.
Гэтэл гадны компани энэ ажлыг хийдэг. Эсвэл нэг цүнхний компани хийдэг. Бүр хуулиараа байгаль орчны үнэлгээг төрийн хүрээлэнгээр хийлгэхгүй гээд хаачихсан заалт байж байна. Тийм учраас эрх зүйн шинэчлэлээрээ үүнийг өөрчилж Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зохицуулалтаар энэ чөдөр тушаа тайлагдах юмаа.