95 дахь удаагийн Архивчдын өдөр тохиож байна
12 сарын 5, 2022

Монгол Улсад орчин цагийн архивын алба үүсэн байгуулагдсаны 95 жилийн ой буюу Архивчдын өдрийг тохиолдуулан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан албан хаагчдыг Архивын ерөнхий газрын Жуух бичгээр шагналаа.

1921 онд Ардын хувьсгал ялсны дараагаар Монголын нийгэм, эдийн засаг, соёл шинэ шатанд хөгжих эхлэл тавигдаж, шинжлэх ухааны анхны байгууллага болох Судар бичгийн хүрээлэнг байгуулсан байдаг. Тус байгууллагын дүрмийг 1924 онд баталж, “Монгол хэл дээр ба бусад олон улсын хэл дээрх, монгол үндэсний олон аймаг ба Монгол Улсын төрийн түүхэнд хамаатай эх бичиг, судрын зүйлийг цуглуулмуй”, “Бусад зүйлийн эх түүхэнд холбогдох хуучин дурсгалын гэрч тэмдэг юмсыг олон цуглуулах ба сахин хамгаалмуй” хэмээн түүхэнд холбогдох бичиг үсгийн дурсгалуудыг цуглуулах, сахин хамгаалах талаар тодорхойлж өгсөн байдаг. Улмаар 1927 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр Судар бичгийн хүрээлэнд хуримтлагдсан бичиг цаасыг эмхлэн цэгцлэх ажилтны орон тоог бий болгож, үүнд Их шавийн Өрлүүд аймгийн Ц.Лувсанг томилсноор орчин цагийн архивын албаны үйл ажиллагаа эхэлжээ. Үүнээс хойш жил бүрийн арванхоёрдугаар сарын 5-ны өдрийг Архивчдын өдөр болгон тэмдэглэж байна.

Нийслэлд архив, албан хэрэг хөтлөлтийн салбарын бодлого, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, архивын салбарыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, идэвх санаачилгатай ажиллаж буй дараах 26 албан хаагч өнөөдөр шагнал гардсан юм.