Монгол дахь БНСУ-ын Элчин сайдын яам Тусгаар тогтнолын өдөрт зориулж хүндэтгэл үзүүллээ
3 сарын 2, 2023

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Тусгаар тогтнолын хөдөлгөөний өдрийг тохиолдуулан эх орныхоо төлөө амь насаа зориулсан эрэлхэг баатруудаа дурсан хүндэтгэх арга хэмжээг энэ сарын 1-нд зохион байгууллаа. Арга хэмжээнд Монгол дахь Солонгос иргэдийн нийгэмлэг, Солонгосын бизнес эрхлэгчдийн холбоо, төрийн байгууллага зэрэг нийт 60 орчим хүн оролцов. Мөн Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл болон хэвлэл мэдээллийн 16 байгууллага оролцсон томоохон арга хэмжээ болж өндөрлөлөө. Энэ үеэр төрийн далбаанд хүндэтгэл үзүүлж, төрийн дууллаа эгшиглүүлэн, эх орныхоо төлөө амиа зориулсан эрэлхэг баатруудын алдрыг дурсан чимээгүй зогсож, хүндэтгэл үзүүллээ.

 Түүнчлэн БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жун Гү тус арга хэмжээ нь БНСУ-д хийсэн Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнийн айлчлалын дараа иргэдтэйгээ хийж буй анхны уулзалт болохыг онцлон тэмдэглэхийн зэрэгцээ Ерөнхий сайдын айлчлалын үр дүнг Монгол дахь Солонгос иргэдэд таницуулав. Тэрбээр “Энэ удаагийн айлчлалын үр дүнд манай хоёр улсын харилцаа олон салбарт   үсрэнгүй хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Монгол дахь солонгос иргэдийн хамтын хүч, хийж хэрэгжүүлж буй ажилд нь эерэг үр нөлөөг авчрахад дэмжиж ажиллах болно” гэдгээ илэрхийлсэн юм. Гуравдугаар сарын 1-ний БНСУ-ын Тусгаар тогтнолын хөдөлгөөний өдрийн түүхэн замнал болон ач холбогдлоос сонирхуулвал БНСУ-ын Үндэсний баярын өдөр бөгөөд Японы колончлолын үе байсан 1919 оны 3 сарын 1-ний бямба гарагт Японы эзлэн түрэмгийллийг эсэргүүцэн, Солонгосын үндэсний тусгаар тогтнолын хөдөлгөөнийг өрнүүлж, Тусгаар тогтнолоо зарлан тунхагласан өдөр юм.

 

Үүнээс хойш 1946 онд Америкийн цэргийн засаглалын үед цэргийн засаглалын хуулийн 2 дугаар заалтын дагуу Үндэсний баяр ёслолын өдөр болгон тогтоосон бөгөөд 1949 оны  үндэсний баярын өдрийн тухай хуулийн дагуу түр засгийн газрын үндэсний баярын өдрийг уламжлан тэмдэглэж ирсэн. Тусгаар тогтнолын хөдөлгөөн нь Японы эзлэн түрэмгийлэл, колончлолын үед БНСУ-ын түр засгийн газрыг байгуулснаар тусгаар тогтнолыг зарлан тунхагласан бөгөөд энэхүү түр засгийн газрын тунхаг бичиг болон суртал ухуулга, үндсэн хууль зэрэг нь БНСУ-ын тогтоосон үндсэн хуулийн дагуу уламжлагдан ирж өнөөдрийг хүртэл санан дурсах үндэслэл болсон байна.

Энэ жил Тусгаар тогтнолын хөдөлгөөн өрнөсний 104 жилийн ойн тохиож байгаа бөгөөд энэхүү гуравдугаар сарын 1-ний Тусгаар тогтнолын хөдөлгөөний өдрийн арга хэмжээ нь Ковидын цар тахлаас хойш 4 жилийн дараа зохион байгуулагдаж байгаа төдийгүй, ялангуяа Юүн Сог Ёол-ын Засгийн газар байгуулагдсанаас хойш анхны Тусгаар тогтнолын хөдөлгөөний өдөр болж байгаагаараа онцлогтой ажээ.

Монгол дахь БНСУ-ын Элчин сайдын яаманд болсон энэхүү хүндэтгэлийн арга хэмжээний үеэр болсон онцлох нэг үйл явдал болсон нь Элчин сайдын яамны холбогдох ажилтан БНСУ-Монгол Улсын Ерөнхий сайд нарын албан ёсны хэлэлцээний хүрээнд зурагдсан 6 баримт бичгийн ерөнхий агуулга, үр дүнгийн талаар тайлбар хийсэн нь байв.  

Тодруулбал,

  • Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр
  • Цэргийн нууц мэдээллийг харилцан хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр
  • Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, БНСУ хоорондын хэлэлцээрийн төслийн хэлэлцээ эхлүүлэх тухай хамтарсан мэдэгдэл
  • Ховор металл нийлүүлэх сүлжээнд хамтран ажиллах тухай Mонгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, Эрчим хүчний яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг
  • Монгол Улсын Соёлын яам БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яам хоорондын 2023-2026 оны соёлын солилцооны хөтөлбөр
  • Хот байгуулалтын чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яам, БНСУ-ын Захиргааны хотын барилгын үндэсний агентлаг хоорондын харилцан ойлголцлын Санамж бичиг”-ийг тус тус байгууллаа.