Х.НЯМБААТАР: Мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан хүмүүсийн дансыг царцаана
3 сарын 22, 2023

Монгол Улсын Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, авлигатай тэмцэх таван Ш буюу Шүгэл, Шүүр, Шувуу, Шилжүүлэн авах болон Шил ажиллагаа”-г хэрэгжүүлж буй. Авлигатай тэмцэх ажиллагааг эрчимжүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болгосон байна. “Шувуу ажиллагаа”-ны хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гадаад улс руу оргон зайлсан этгээдийг Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжийн хүрээнд эргүүлэн авчирч, хариуцлага хүлээлгэнэ. Мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан 92 хүний нэрийг зарласан. Оргон зайлсан хүмүүсийн тоо 18-аар нэмэгдсэн гэдгийг Х.Нямбаатар сайд мэдээлж байна. Эдгээр хүнийг авчирч, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх, үйл ажиллагааг эрчимжүүлэх үүргийг хуралдаанаас өгчээ. Оргон зайлсан хүмүүсийн дансыг царцаах чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэлээ.
Мөн хувийн хэвшлийг үйл ажиллагаа явуулахад нь төрийн байгууллага, албан тушаалтан саад учруулсан, ажлаа хийхэд нь эс үйлдэл үзүүлбэл Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг тогтолцоог тодорхой болгох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болгожээ.

            Мөн нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэл ерөнхий төлөвлөгөөний төсөлд тусгагдсан олон тулгуурт нийтийн тээврийг бий болгох ажлын хүрээнд “Сэлбэ сэргэлт төсөл”-ийн үзэл баримтлалыг хэлэлцээд дэмжсэн тул төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 2023 онд багтаан эхлүүлэх, бэлтгэл ажлыг хангах, төслийн суурь дэд бүтцийн хөрөнгө оруулалтад шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийн боломжийг судлан, авах арга хэмжээний санал боловсруулж, ирэх сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.
2022 оноос хэрэгжүүлж эхэлсэн нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах төсөл, арга хэмжээнд 2023 онд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг яаралтай судалж, санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Жавхлан, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нарт даалгав.

Тусгай замын их багтаамжийн автобусны зураг төслийг бэлэн болгосноор Энхтайвны өргөн чөлөө болон Ард Аюушийн өргөн чөлөө – Их Тойруу – Да хүрээ гудамж – Цайз - Офицеруудын ордон тусгай замын их багтаамжийн автобус, шинэ төрлийн багтаамж ихтэй нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх бүтээн байгуулалтын төсөл хэрэгжиж, цаашид Улаанбаатар хотын нийтийн тээвэр, авто замын салбарт хэрэгжих томоохон төслүүдийг цаг алдалгүй эхлүүлэх боломж бүрдэнэ. Тусгай замын их багтаамжийн автобус төсөл нь нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн бодлогын дунд хугацаанд хэрэгжүүлэх төсөл бөгөөд цаашид хэрэгжих томоохон төсөл хөтөлбөртэй трассын хувьд уялдах цогц арга хэмжээний нэг хэсэг юм. Төслийг хэрэгжүүлснээр нийтийн тээврийн үйлчилгээний автобусны хүлээгдлийн хугацааг дунджаар 4-12 минут, дундаж хурдыг 18-25 км/цаг байхаар цагийн хуваарийг төлөвлөдөг болно.

“Сэлбэ сэргэлт төсөл” Сэлбэ дунд гол дагуу газрын налуу, өндөржилтийг нарийвчлан тооцож инженерийн бэлтгэл арга хэмжээг сайжруулж, үерийн даланг 21.6 км байгуулж үерийн эрсдэлийг бууруулах, усан цөөрөм байгуулж голын урсацыг нэмэгдүүлэх, хотын эко системийг тэнцвэржүүлэх, далан дагуу авто машин, нийтийн тээврийн үйлчилгээнд зориулсан тусгай замыг байгуулж авто замын түгжрэлийг бууруулах, гол дагуух инженерийн шугам сүлжээг хонгилын системд шилжүүлснээр гэр хорооллын хэсгийн барилгажилтыг эрчимжүүлж агаар, хөрсний бохирдлыг бууруулах, гол дагуу явган хүний зам, унадаг дугуйн зам, орчны тохижилтыг нэгдсэн байдлаар шийдвэрлэж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлнэ.

Товч мэдээ
·      Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төслийг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулж, төлөвлөгөөний төсөлд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган, “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.