М.Анхцэцэг Азийн аваргаас гурван хүрэл медаль авлаа
5 сарын 11, 2023

Хүндийн өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Өмнөд Солонгосын Чинжү хотод үргэлжилж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн -81 кг жингийн өргөлтүүд өнөөдөр болоход Мөнхжанцангийн Анхцэцэг хүрэл медаль хүртлээ.

Тэрээр огцом өргөлтөөр 108 кг өргөж хүрэл, түлхэлттэй өргөлтөөр 135 кг өргөж хүрэл, нийт 243 кг өргөж нийт оноогоор мөн хүрэл медаль авсан.

Харин Хятадын Ван Зу И огцмоор 115, түлхэлтээр 146, нийт 261 кг өргөж гурван мөнгө, мөн Хятадын Лиан Шиао Мэй огцмоор 120, түлхэлтээр 155, нийт 275 кг өргөж гурван алтан медаль хүртэв.

Хүндийн өргөлтийн Азийн аваргыг монголын 10 тамирчин зорьсноос одоогоор эмэгтэйчүүдийн -64 кг жинд Г.Анужин алтан медаль хүртээд байгаа юм.