“ЧИНГИС МАСТЕР КРОСС-2018”-ЫН АВАРГААР Л.АРИУНБОЛД ТОДРОВ
4 сарын 16, 2018

Монголын Авто Мастеруудын Холбооны “Чингис мастер кросс-2018” уралдаан уламжлал ёсоор Дархан хотын уугуул Улсын Их Хурлын гишүүн асан Мишигийн Чимэдцэрэнгийн нэрэмжит болон 20 дахь удаагаа амжилттай зохиогдов. Дархан хотноо болсон энэ жилийн уралдаанд Монголын мастер кросс ангилалын 45 эрэгтэй, нэг эмэгтэй тамирчин оролцсон юм. Тамирчид урьдчилсан 4 гараанд өрсөлдөж түрүүлсэн тамирчид нь хагас шигшээгийн хоёр гараанд уралдлаа.

Хагас шигшээд тэргүүлсэн тамирчид нь шигшээ уралдаанд хурд самбаагаа сорьж “Чингис мастер кросс-2018” уралдааны аваргаар Спортын мастер Л.Ариунболд тодров. Дэд байрт Олон Улсын Хэмжээний Мастер Д.Болдбаатар, гуравдугаар байрт Спортын мастер Х.Улам-Өрнөх орлоо.

Тэмцээний шагналыг “Чингис Шар айраг” Компаний захирал Д.Очирхуяг, Монголын Авто Мастеруудын Холбооны гүйцэтгэх захирал Б.Батсүх, Улсын Их Хурлын гишүүн асан Чимэдцэрэнгийн хөвгүүд гардууллаа. Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “Чингис шар айраг” компани, Дархан хотын “Од Трейдинг”, “Чингис Беер” компанууд, аймгийн Цагдаагийн газар, Нэгдсэн эмнэлэг, Онцгой байдлын газар, “Залуучууд” театр, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн “Дархан” салбар, Дархан сумын Засаг Даргын Тамгын Газар хамтран ажиллав. Тэмцээнийг зохион байгуулагчид, тамирчид, үзэгчид хамтран уралдааны дараа Хуучин Дарханы “Гүн жалга”-ийн энгэрийн байгаль орчныг хамгаалах аян өрнүүлжээ.