Эмч сувилагч нар ХНХЯ-ны өмнө суулт зарлалаа
6 сарын 21, 2018

 

 Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын төлөөлөл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны гадаа суулт зохион байгуулж  байна. Суулт өглөөний 07:00 цагаас эхэлсэн бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийг огцрохыг шаардаж байгаа аж. Тэдний зүгээс С.Чинзориг сайдтай уулзах хүсэлт тавьсан хэдий ч сайд нь эмнэлэгт хэвтэж буй тул Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяртай уулзсан байна.

Эрүүл мэндийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн дарга Б.Мягмар “Бид замын хөдөлгөөнийг хаагаагүй. Үндэсний хөгжлийн газрын хаалгаар С.Чинзориг сайд нууцаар орж гараад байгаа юм байна. Хөдөлмөрийн яамны үйл ажиллагаанд саад учруулаагүй. Бид орох хаалгыг нээлттэй тавьж өгсөн байгаа. Бид нар дайрч орохгүй. Бидэнтэй ирж уулзахыг хүлээж байгаа. Бид ард түмэн, ард түмнийг яагаад ингэж дорд үзэж байгаа юм” гэж мэдэгдлээ

Мөн эрүүл мэндийн ажилтуудын ҮЭХ-ноос Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлэх юм байна.

Тэдний зүгээс Засгийн газар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрийн 3.2 дах заалт, нэмэлт хэлэлцээрийн 1, 3, 5, 7, 8 дах заалтуудыг өнөөдрийг хүртэл хэрэгжүүлэхгүй үл тоож байна гэж үзэн, энэхүү эсэргүүцлийн арга хэмжээг зохион байгуулж байгаагаа хэлж байсан юм.

 

 

П.Оюунжаргал 


Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.