Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгоно
6 сарын 21, 2018

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж “Хүүхдийн мөнгө” олгох тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хууль санаачлагчид нэгтгэн хэлэлцэхийг зөвшөөрсөн байна. Үүний дагуу Байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг төслүүдийг нэгтгэн “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа.

 

    Ингэснээр өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг дөрвөн сараас эхлэн сар бүр бэлэн мөнгөөр олгохоор болов. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2018 онд 684.0 мянган хүүхдэд олгохоор 164.2 тэрбум төгрөг улсын төсвийн Халамжийн санд тусгагдан батлагдсан. Харин 80 хувьд олгоход нийт 228.0 мянган хүүхэд нэмж хамрагдах бөгөөд үүнд төсвөөс 41.3 тэрбум төгрөг нэмж зарцуулахаар боллоо. Халамжийн тухай хуульд заасны дагуу босго шугамыг харгалзан 80 хувийн хүрээг тогтоох юм.  

    Мөн хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлттэй өрхийн судалгааг хийж, зөвхөн хүсэлт гаргасан иргэдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох, цаашлаад хүүхэд бүрд олгох асуудлыг судалж, саналаа холбогдох хууль тогтоомжийн өөрчлөлтийн хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгалаа.