Д.Эрдэнэбат: Захиргааны ерөнхий хуулийн өөрчлөлтийг АН дэмжихгүй
6 сарын 25, 2018

    УИХ дахь АН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Тавантолгойн төсөл, УИХ-ын хаврын чуулганы үр дүн болон УИХ-аар хэлэлцэгдэж байгаа зарим хуулийн төсөл гэсэн  гурван асуудлыг хэлэлцжээ. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.

    Тэрбээр 'АН-ын бүлэг Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тогтоолын төслийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэр  /УУХҮ/-ийн сайд Д.Сумъяабазарын мэдээллийг сонсчээ. Энэ тогтоолын хэлэлцэх эсэхийг УИХ-ын чуулган дэмжсэн. Гэхдээ дэмжлэгт учир байгаа. Төрийн гурван өндөрлөгийн оролцсон шийдвэр бол улс төрийн зөвшилцлийн гол асуудал байдаг. Энэ тогтоолоор 30 хувийг олон улсын зах зээлд гаргана гэж байгаа бол төрийн өмчийнх 51 хувь, ард иргэдийн 14 хувь, Хөрөнгийн биржээр худалдаалагдсан хувьцааг ард иргэдэд үр өгөөжтэй байх тал дээр яаж хуваарилах вэ гэдгийг ажлын хэсэг дээр дахин хэлэлцэнэ. Энэ тогтоолын өөрчлөлтөөр эдийн засгийн үр ашиг нь бодитой тусах, Тавантолгой ард түмний мэдэлд очих нөхцөл бүрдсэн тохиолдолд дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. УИХ дахь АН хаврын чуулганы үр дүнгийн талаар дүгнэлт хийсэн.

    Мөн УИХ-аар яаралтай хэлэлцэгдэж байгаагаас гадна чуулган завсарлахтай холбоотой шахагдаж орж ирж байгаа олон хууль байгаа. Үүнд АН байр сууриа илэрхийлнэ. Тухайлбал, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төслөөр томоохон уул уурхайн компаниудад татварын илүү хөнгөлөлт үзүүлдгийг болиулах хэрэгтэй гэж АН үзэж байгаа. УИХ-ын Дэгийн тухай хуульд АН завсарлага авсан. Гишүүдийг хариуцлагатай, ёс зүйтэй болгох нь зөв. Хамгийн гол нь Дэгийн тухай хуульд Үндсэн хуулийн зөрчил гаргаж болохгүй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг Дэгийн тухай хуулиар оруулж ирсэн нь Үндсэн хуулийн зөрчилтэй байна гэж үзсэн. Мөн Захиргааны ерөнхий хуулийн өөрчлөлтийг АН дэмжихгүй. Бүх шатны захиргааны байгууллагыг энэ хуулиар шүүх боломжгүй болж байгаа юм. АН-ын бүлэг эрхзүйт төрийн тогтолцооны талаас нь харж, Засгийн газрыг огцруулах үндэслэл болно гэж үзэж байна” гэлээ.