Давосын уулзалт дээр олон улсын хөрөнгө оруулагчидтай уулзав
1 сарын 25, 2019

Швейцарийн Давос-Клостерс хотноо өчигдөр өндөрлөсөн Дэлхийн эдийн засгийн форум”-д Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар оролцлоо.

 

100 гаруй орны удирдагч, Ерөнхий сайд, олон улсын тэргүүлэх 1000 гаруй компанийн удирдлага, бизнес, урлаг соёлын алдар цуутай эрхмүүд оролцсон энэ удаагийн чуулганаар даяарчлалын шинэ үе, аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал, жендэрийн тэгш байдал, хиймэл оюун ухаан зэрэг чухал асуудлыг хөндөн ярилцжээ.

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Уул уурхай-металлын салбарын бодлого тодорхойлогчдын уулзалт”, “Эрчим хүч, хими, уул уурхай, металл үйлдвэрлэлийн хүлээн авалт”, “Бүс ба Зас санаачлагыг урагшлуулах нь” зэрэг салбар хуралдаанд оролцжээ. Мөн түүнчлэн олон улсын хөрөнгийн зах зээл дээр гарах хүлээлттэй байгаа “Эрдэнэс-Тавантолгой” компанийн асуудлаар олон улсын хөрөнгө оруулагчидтай уулзсан байна. Түүнчлэн УИХ-ын 2018 оны 73 дугаар тогтоолоор "Эрдэнэс-Таван толгой" ХК-ийн 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалах бэлтгэл ажлыг хангах хүрээнд холбогдох гадаадын банк, санхүүгийн байгууллагууд болон хөрөнгийн биржийн төлөөлөгчидтэй уулзав. Уулзалтын үеэр талууд уул уурхайн салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.