“The Hu” хамтлагт "Чингис хаан" одонг гардууллаа
11 сарын 27, 2019

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн өнөө жил арваннэгдүгээр сарын 27-ны энэ өдөр тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “THE HU” хамтлагт Монгол Улсын төрийн дээд шагнал Чингис хаан одонг хүртээлээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга энэхүү шагналыг олгохын өмнө "Монголчууд аа, Суут богд дээдсийн мэндэлсэн энэ өдөр Их хааныхаа хүрээгүй газарт хүрч, Монголын соёлын өвийг түгээн дэлгэрүүлж, Монгол нэрийг дэлхийд дуурсгаж яваа “THE HU” хамтлагт олгохоор шийдвэрлэлээ. Бид та нараар бахархаж байна, монголчууд та бүхнээр омогшиж байна" хэмээсэн юм. Шагналыг тус хамтлагийн продюссер Б.Дашдондог гардан авлаа.

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдрөөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэдийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг журамтай.