С.Цэрэнчимэд Дэлхийн цэргийн наадмаас мөнгөн медаль хүртжээ
10 сарын 23, 2019

Дэлхийн цэргийн спортын VII наадам аравдугаар сарын 18-нд БНХАУ-ын Үхань хотод нээлтээ хийсэн билээ. Наадмын чөлөөт бөхийн төрөл өчигдөр /2019.10.21/ эхэлсэн бөгөөд манай улсаас эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин С.Цэрэнчимэд барилдаж, мөнгөн медаль хүртлээ.

Тэрбээр алтан медалийн төлөөх барилдаанд 2014, 2016, 2017, 2018 оны цэргийн дэлхийн аварга, БНХАУ-ын бөх Ли Хуид 6:3-аар ялагдсан байна. Ингэснээр гавьяат тамирчин С.Цэрэнчимэд дэлхийн цэргийн наадамд үзүүрлэсэн Монголын чөлөөт бөхийн хоёр дахь тамирчин болжээ. Түүнээс өмнө ОУХМ, Азийн аварга Д.Хүдэрбулга 2015 онд мөнгөн медаль хүртэж байсан юм.

“Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин С.Цэрэнчимэд нь “Ташкент-2014” ДАШТ-ий алт, “Лас-Вегас-2015”-ын мөнгөн медальт, 2014 оны цэргийн дэлхийн аварга билээ.