Д.Трамп, Ким Жон Ун нар Сингапурт уулзахаар боллоо
5 сарын 10, 2018

АНУ, Хойд Солонгосын удирдагч нарын анхны уулзалт Сингапурт болох гэж байгааг CNN агентлаг мэдээллээ.

Өчигдөр Дональд Трамп уулзалтын товыг Хойд Солонгосын талтай тохиролцсон тухай зарлаад хаана, хэзээ болохыг ойрын гурав хоногийн дотор мэдэгдэнэ гэсэн юм. Тэгвэл энэхүү уулзалтын төлөвлөлт дээр ажиллаж байгаа хоёр хүн дээд албан тушаалтнуудаасаа Сингапурт зохион байгуулах чиглэл авснаа CNN агентлагт мэдээлсэн байна. Харин хэзээ болох цаг хугацааны талаар мэдээлэл өгөөгүй байгаа гэнэ.

Пёньянд хоёр дахь удаагаа зочилсон төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой уулзах үеэрээ Ким Жон Ун АНУ-ын ерөнхийлөгчтэй уулзах уулзалтыг “түүхэн ач холбогдолтой” гэж онцлоод “Солонгосын хойгт энх тайван байдлыг тогтоож, сайхан ирээдүйг бий болгох эхний алхам” гэж хэлснийг Хойд Солонгосын төв хэвлэл өчигдөр мэдээлсэн байна. Сингапур улс нь төвийг сахисан орон гэдгээсээ гадна дэд бүтэц сайн хөгжсөн гэсэн үндэслэлээр АНУ-ын талын шаардлагыг хангаж байгаа ажээ.

А.ДЭЛГЭР