Хөвсгөл аймгийн гурван суманд тэг зогсолт хийлээ
11 сарын 19, 2020

Энэ үеэр тус аймгийн Онцгой байдлын газрын дарга н.Пүрэвсүрэн мэдээлэхдээ “Ханх суманд илэрсэн сэжигтэй тохиолдол арваннэгдүгээр сарын 7-нд Говьсүмбэр аймагт халдвар авсан иргэний ойрын хавьтал болох нь тогтоогдсон. Тухайн иргэн Хөвсгөл аймагт орон нутгийн автобусаар ирж, Ханх сум руу явсан байна. Энэ хүн сайн дурын үндсэн дээр шинжилгээ өгсөн байсан. Түргэвчилсэн оношлуураар өнгөрсөн шөнө шинжилгээ хийхэд сөрөг гарсан. ХӨСҮТ-рүү сорьцыг илгээсэн. Тухайн иргэн Ханх суманд байгаа. Хөл хориог чангатгаж, хяналт тавина. Ажиглалтад байгаа иргэд гэрийн ажиглалтад хэрхэн байгаа эсэхэд хяналт тавьж ажиллана. Шинжилгээний хариу орой Улаанбаатарт хүрэх учраас ойрын 2-3 хоног хөл хориог чангатгана. Шинжилгээний хариу маргааш, нөгөөдрөөс эцэслэн гарна” гэв.

Харин аймгийн Цагдаагийн газрын дарга н.Дашням “Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн. Мөрөн суманд тээврийн хэрэгсэл, явган зорчигчдын хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа. Цэрэг, цагдаагийн газрын жижүүр, Шуурхай штаб иргэдийн санал хүсэлтийн дагуу хариу өгч ажиллаж байна. Цагдаагийн газраас 79 иргэнд хуулийн дагуу хөл хорионы дэглэм зөрчсөн гэж хариуцлага тооцсон. Замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн 15 хувьд тусгай зөвшөөрөл олгож байгаа. Одоогийн байдлаар 32 пост дээр 86 төрийн албан хаагч ажиллаж байна. Цаашид нөхцөл байдал хүндэрвэл постын тоог нэмж, 100 орчим постыг гаргахаар төлөвлөсөн. Аймаг дотроо зорчих хүсэлтийг судалж, зөвшөөрлийг нь тодорхой хязгаартайгаар олгоно.

Ханх, Хатгал, Бүрэнтогтох сум чиглэлийн гарах хөдөлгөөнд тэг зогсолт хийсэн. Тиймээс энэ чиглэлд ажиллаж, амьдарч байгаа иргэд Аймгийн онцгой комиссоос шийдвэр гартал хүлээцтэй хандана уу” гэдгийг онцлон хэллээ.