У.Хүрэлсүх: Зарим ААН, иргэдийн дулаан, цахилгааны төлбөрийг төр даана
12 сарын 13, 2020

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өндөрлөлөө. Хуралдааны дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийлээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Бид хүндхэн цаг үеийн хамтдаа туулж байна. Цар тахал гарснаас хойш хүн төрөлхтөн Дэлхийн II дайнаас хойш хамгийн хүнд үетэй тулгараад байна. Дэлхийн эдийн засагт 12 их наяд ам.долларын алдагдал учирсан гэсэн судалгаа байна. Цаашид үргэлжилбэл дэлхий нийт 28 их наяд ам.долларыг гаргах шаардлага үүсээд байна. 

Манай улсын хувьд эхний есөн сарын байдлаар ДНБ-ий үйлдвэрлэл 7.3 хувиар буурсан байна. Бид ААН-үүдийн бизнесийг хэвийн байдалд оруулах, ажлын байрыг хадгалж үлдэх чиглэлийг барьж байгаа. 

Засгийн газраас зарим нэг шийдвэр гаргалаа. Үүнд: 

Коронавируст халдварын үед эрчим хүч, дулаан, ус, хогны төлбөрийг тэглэж байна. Арванхоёрдугаар сарын 1-нээс ирэх оны долоодугаар сарын 1-.н хүртэл төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчид хуулийн этгээд, уул уурхайн олборлолт, боловсруулах чиглэлийн ААН, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч, согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэгч зэрэг есөн байгууллагаас бусад ААН-үүдийн цахилгаан, дулаан, дулааны уур, усан хамгамж, хогны төлбөрийг тэглэж байна.  

Мөн айл өрхийн цахилгаан, дулаан, ус, хогны мөнгийг арванхоёрдугаар сарын 1-нээс ирэх оны VII сарын 1-н хүртлэх хугацаанд төлбөрийг нь тэглэж байна. Мөн шахмал түлшний үнийг 75 хувиар бууруулж байна. Эрдэнэт үйлдвэр 650 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт хийнэ. Шахмал түлшний хөнгөлөлтөд шаардлагатай санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” компани хариуцна.