Эрүүл мэндийн газрын даргыг Засгийн газар томилох нь тохиромжгүй гэж АН-ын бүлэг үзэв
1 сарын 11, 2021

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2021.01.11/ ээлжит хуралдаанаа хийлээ. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэв. 

Үүнд:

  • Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  • Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл
  • Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтсан.

 Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өнгөрсөн баасан гаригт яаралтай горимоор өргөн барьж хэлэлцэж эхэлсэн. Өөрчилж буй гол заалт нь ЭМД-ын Үндэсний зөвлөлийн есөн гишүүнийг хэрхэн томилох тухай байна.

Эрүүл мэндийн тухай хуульд ч зөвхөн аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргыг Эрүүл мэндийн сайд нь томилдог байхаар тусгажээ. Гишүүд эрүүл мэндийн салбар бүх нийтийн оролцоог хангаж байх хэрэгтэй. Тухайн аймаг, дүүргийн Засаг даргын эрх мэдлийг хумьж зөвхөн Засгийн газарт томилох эрх мэдлийг өгч, босоо тогтолцоотой болгож буй нь оновчтой бус. Түүнчлэн Орон нутгийн засаг захиргаа, түүний удирдлагын тухай хуультай зөрчилдөнө гэж үзэж хэлэлцэх эсэхийг дэмжсэнгүй.

Азийн хөгжлийн банкнаас гаргасан судалгаагаар Монгол Улсын эрүүл мэндийн салбар засаглалын хуваагдлаас шалтгаалж хөгждөггүй гэсэн дүгнэлт гаргаж байсан. Тиймээс Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хэрэгжилтийн биелэлтийг хангах мөн Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслүүдийн асуудлаар ажлын хэсэг байгуулж ажиллахаар шийдвэрлэлээ.

Захиргааны ерөнхий хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд концессийн гэрээг захиргааны гэрээнд тооцохгүй байх асуудал орж ирсэн нь гишүүдийн анхаарал татаж байлаа. Өөрөөр хэлбэл, ЗЕХ-ийн 54 дүгээр зүйлийн 54.2.4-ийг хассанаар цаашид концессийн гэрээний маргаан Захиргааны шүүхийн харьяаллаас гарна. Уг хуулийн төслийг Ардчилсан намын бүлэг дэмжсэнгүй.

УИХ дахь АН-ын бүлгийн ажлын алба


Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.