А.Амбасэлмаа: Хавьтал 48, "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-гээр 10, нийт 58 тохиолдлыг илрүүллээ
2 сарын 19, 2021

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сүүлийн 24 цагт 47,110 хүнд шинжилгээ хийж халдварын 58 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 10 тохиолдлыг "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд илрүүлсэн. Энэ 10 хүний хоёр нь эхний шинжилгээгээр илэрсэн бол бусад 8 тохиолдол нь өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтал байна. 

"Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд 253,617 хүнийг шинжилгээнд хамруулж, нийт 47 халдварын батлагдсан тохиолдол илэрлээ. Халдварын нэг тохиолдлын ард маш олон хүн байж болох учраас чухал ач холбогдолтой. 47 тохиолдлын 20 нь шинжилгээний явцад илэрсэн бол 27 нь тэдгээр батлагдсан тохиолдлуудын хавьтал болсон хүмүүс юм. Тандалт судалгааны явцад "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний хүрээнд илэрсэн дийлэнх тохиолдлууд өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтал, хавьтлын хавьтал байсан болох нь тогтоогдож байгаа. 

Батлагдсан тохиолдлын байршлууд

  • БГД-ийн 3, 12, 25 дугаар хороо
  • БЗД-ийн 26 дугаар хороо
  • СБД-ийн 18 дугаар хороо
  • СХД-ийн 6, 7, 18, 31, 39 дүгээр хороо
  • ХУД-ийн 2, 4 дүгээр хороо
  • ЧД-ийн 2, 6, 12 дугаар хороонд тус тус бүртгэгджээ. 

Сүүлийн 24 цагт 17 хүн эдгэрч гэртээ гарсан. Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 2,551 болсон бол үүнээс 1,819 тохиолдол эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 717 хүний биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 7, хүндэвтэр 84, хөнгөн 615 байна" гэв.


Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.