Хөл хорио тогтоохгүй бол өдөрт бүртгэгдэх халдварын тоо 1000-ыг давах судалгаа бий
4 сарын 6, 2021

Хамгийн сүүлд тогтоосон хөл хориог цуцалснаас 10 хоногийн дараа өвчлөл эрс нэмэгдэж эхэлсэн гэдгийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр хэллээ. Тэрбээр "Монгол Улсын хүн амын дунд анх халдвар бүртгэгдэж эхэлснээс хойш нийт гурван удаагийн хөл хорио тогтоосон байдаг. Хамгийн сүүлд хоёрдугаар сард тогтоосон хөл хориог цуцалснаас 10 хоногийн дараа өвчлөл эрс нэмэгдэж эхэлсэн байна.

Өнөөдөр гэхэд л улсын хэмжээнд хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ. Хэрвээ энэ хэвээрээ байвал өдөрт бүртгэгдэх коронавируст халдварын тоо 1,000-ыг давна гэх судалгаа бий" хэмээн онцлов. “Коронавирусийн халдварт 25-54 насны иргэд хамгийн их өртөж байгаагийн зэрэгцээ халдварыг бусдад тарааж байна. Тэр дундаа 25-34 насны эмэгтэйчүүд нийгмийн идэвхтэй өндөртэй байдгаас шалтгаалан халдварт өртөж байгаа юм.

Харин 50-аас дээш насны иргэд халдварт өртсөн хойноо биеийн байдал нь хүндэрч буй. Ялангуяа 65-аас дээш насныхан халдвар авсан нөхцөлд хүндрэх эрсдэл маш өндөр байгаа бөгөөд тэдгээр иргэд гэр бүлийн гишүүдээсээ халдвар авсан байгаа юм" гэв.