Германы тамирчин Монгол орны баруун хязгаараас зүүн хил хүртэл дугуйгаар аялна
7 сарын 28, 2022

   ХБНГУ-ын экстрим спортын тамирчин Гиидо Кунзе нь Гиннесийн дээд амжилтыг шинээр тогтоох зорилгоор энэ оны наймдугаар сард Монгол орны баруун хязгаараас зүүн хил хүртэл дугуйгаар аялахаар төлөвлөж буй ажээ. Тамирчны экстрим аялалтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр ХБНГУ-ын Шпаркассэ банкны Олон улсын хамтын ажиллагааны сангийн Суурин төлөөлөгч ноён Маркус Лохыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Монгол Улс, тэр дундаа нийслэл Улаанбаатар хотын зүгээс ХБНГУ-ын хэрэгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч цаашид энэхүү харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхийг эрмэлзэж байгааг онцлов. Мөн нийслэлийн зүгээс нийгэм, тэр дундаа спортын салбарын хөгжилд ихээхэн анхаарч, гадаадын байгууллагуудтай спортын олон төрлийн арга хэмжээнүүдийг зохион байгуулахад өндөр ач холбогдол өгч байгааг өгүүлж байлаа.