Лаос улс Монголоос хонины мах, Монгол улс Лаосоос цагаан будаа импортлохыг сонирхож байна
6 сарын 18, 2018


УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Лаосын бүлгийн дарга Ё.Баатарбилэг өнөөдөр (2018.06.18) манай улсад ажлын айлчлал хийж байгаа БНАЛАУ-ын  Үндэсний Асссамблейн гишүүн, Хөдөө аж ахуйн орлогч сайд,  Үндэсний Асссамблей дахь Лаос-Монголын парламентын бүлгийн орлогч дарга Бунг Куанг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

 Уулзалтын үеэр Улсын Их Хурал дахь Монгол-Лаосын бүлгийн дарга Ё.Баатарбилэг парламент дахь найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлснээр хоёр орны нийгэм, соёл, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа хэлсэн.  

 Түүнчлэн, эрүүл мэнд, аялал жуулчлалын салбарт хамтарч ажиллахад таатай байгаагаа илэрхийлээд олон жил ярьж буй Монгол Улсад Лаосын дэмжлэгээр цагаан будаа тариалах, импортлох асуудлыг ажил хэрэг болгохыг онцлон тэмдэглэлээ.  Мөн энэ үеэр Цаашид парламент хоорондын харилцааг хөгжүүлэх төслүүдийг хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

 Харин БНАЛАУ-ын  Үндэсний Асссамблейн гишүүн, Хөдөө аж ахуйн орлогч сайд,  Үндэсний Асссамблей дахь Лаос-Монголын парламентын бүлгийн орлогч дарга Бунг Куанг Монголоос Лаос руу хонины хөлдөөсөн мах экспортлох асуудал айчлалын үеэр ажил хэрэг болж байгааг тэмдэглээд химийн бордоогоор бордоогүй цэвэр цагаан будааг удахгүй Монголд нийлүүлэх бололцоо бүрдэнэ гэж бодож байна хэмээлээ.

 

Уулзалтаар парламентын бүлгүүд хамтарч ажилласнаар хоёр улсын парламентын харилцааг улам өргөжүүлэхэд хичээж ажиллахад санал нэгдэв..